ЗАВХАН: Дотуур байрны хүүхдүүдийн ариун цэврийн асуудал шийдэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-02-10 15:41:18

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 90 гаруй хувь нь цэвэр устай болоод байна.

Дотуур байрны хувьд 75 хувь нь дотор, 30 орчим хувь нь гадна бие засах газартай бөгөөд тэдгээрийн суудлын хүрэлцээ, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл харилцан адилгүй байна. Мөн чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх өрөө танхим нь 60 орчим хувь нь хангалттай гэсэн мэдээ байна. Хүүхдүүд сүүлийн гурван жил биеийн тамирын зааланд чөлөөтэй тоглох боломжтой болоод байгаа юм.

Харин дотуур байрны хүүхдүүд сургуулийн индүү, угаалгын машин хэрэглэхээс гадна өөрсдийн индүү, хувцас угаах түмпэнг ашиглах хандлага нийтлэг байна.  Зарим дотуур байр хүүхдийн тоглоомын болон амралтын өрөөгүй, амралтын өрөө гаргасан ч зурагтаас өөр тохижилтгүй, номын сан, уншлагын танхимгүй байгаа аж.

Гэсэн хэдий ч аймгийн нийт дотуур байр, сургуулиуд нь Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтарсан төсөл, бусад төсөл хөтөлбөрийн дэмжлэгээр ус ариун цэврийн байгууламжийн хүрэлцээгээ сайжруулж байна. Ялангуяа дотуур байрны хүүхдүүдийн ариун цэврийн асуудал бүрэн шийдэгдэж байгаа нь талархууштай.


Завхан аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 30 сургуулийн дотуур байранд нийт 1360 сурагч амьдарч байгаагийн 49.6 хувь нь эмэгтэй, 84.9 хувь нь малчдын хүүхэд байна.


Хүртээмжтэй ус, ариун цэврийн байгууламжийн ашиг тус маш их юм. Судалгаанаас харахад цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд суралцдаг хүүхдүүд сургуулиас завсардсан хүүхдүүдээс илүү эрүүл чийрэг байдаг. Жендэрийн үүднээс авч үзвэл охидын ариун цэврийн өрөөг хөвгүүдийнхээс тусдаа байлгах нь охидод шаардлагатай хувийн орон зайг бүрдүүлж, улмаар сургуульдаа үргэлжлүүлэн суралцахад нь чухал нөлөө үзүүлдэг гэж Завхан аймгийн БШУГ-аас мэдээлэв.

 


ДЭМБ-аас зөвлөснөөр дотуур байранд амьдардаг сурагчийн усны хэрэглээг тогтоохдоо ердийн сургуулийн сурагчийн усны хэрэглээг 2 дахин ихэсгэн тооцохыг зөвлөдөг. Усаар зайлуулах бие засах газар ашигладаг тохиолдолд нэг өдөрт нэг сурагчид 1.5- 3.0 литр, дотуур байранд амьдардаг сурагч тутамд 3.0-6.0 литрээр тооцохыг санал болгожээ. Ингээд нэг сурагчийн нэг өдрийн нийт усны хэрэглээг (усаар зайлуулах бие засах газар ашиглахаар тооцсон) 8.5–11.0 литр, дотуур байранд амьдардаг сурагчийнхыг 25.0-28.0 литр байхаар тооцохыг зөвлөжээ.


Related news