ЗАВХАН: Малчид, мал бүхий иргэд ноосны урамшуулал авахдаа бүрдүүлэх баримт бичгийг заавал нягтлах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-02-10 16:06:42

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт хонь, тэмээний ноосны урамшууллыг давхардсан тоогоор 6500 гаруй малчин, мал бүхий өрх авдаг байна.


Монгол Улсын Засгийн газар 2011 онд “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай” журмыг анх баталж мөрдөх явцдаа хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 394 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам” шинэчлэн батлагдсан.


Журам хэрэгжиж, малчдад ноосны урамшуулал олгож эхэлснээр малчдын орлого нэмэгдэж, ноосоо тушаах идэвх сэргэн, ноосны үйлдвэрлэлийн хүчин чадал тоо хэмжээ, нэр төрөл, ажлын байр ч нэмэгдсэн байна.

Өнөөдөр Завхан аймагт 10 орчим ноосны үйлдвэр ажиллаж байна. Ноосны урамшууллыг тушааж буй ноосны чанартай уялдуулж, нэмэгдүүлэхээр болсон. Мөн өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжиж эхэлсэн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Татварын Ерөнхий газраас Ebarimt аппликейшнд нэмэлт хөгжүүлэлт хийж, 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс малчин, мал бүхий этгээдийн Ebarimt-д бүртгэлтэй дансаар нь түүхий эдийн үнийг шилжүүлсэн. Бэлэн бус тооцоо хийсэн тохиолдолд малчин, мал бүхий этгээд заавал баталгаажуулахгүйгээр үйлдвэрлэгчдийн төлбөрийн баримт шууд баталгааждаг болсон юм гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

 

Завхан аймгийн тухайд 2022 оны жилийн эцсийн тоон мэдээгээр 3720,8 мянган толгой мал тоолуулсан. Үүнээс хонь 1888.5 мянган толгой буюу нийт сүргийн 50.8 хувийг нь эзэлж байна. Харин 8.7 мянган тэмээ тоолуулж, нийт сүргийн 0.2 хувийг эзэлж байна.


2020 онд аймгийн хэмжээнд малчин, мал бүхий 6678 өрхийн малын ноосны урамшууллын материал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргэгдсэн. Үүнээс 6210 өрхийн тушаасан ноосны урамшуулал болох 2.48 тэрбум төгрөг 2021 онд малчдын дансанд орсон байна. Харин нас барсан, данс, нэр зөрүүтэй 395 малчин өрхийн мэдээллийг холбогдох сумдын мэргэжилтнүүд, малчдаас дахин авч мэдээллийг яаманд хүргүүлж олголт хийгджээ.

 

Малчдад олгох ноосны урамшууллын 2022 онд хийсэн эхний гүйлгээгээр, дунджаар 2200 гаруй өрхийн 378 мянга гаруй сая төгрөг малчдын дансанд орсон. Үлдсэн 4000 малчдын ноосны урамшуулал олгогдож дуусаагүй байна. Ер нь малчид, мал бүхий иргэд ноосны урамшуулал авахдаа бүрдүүлэх баримт бичгийг заавал нягтлах шаардлагатай байна. Учир нь хугацаа алдах, нэр данс зөрөх, цахимд баталгаажуулалт нь бүрэн хийгдээгүй гээд асуудлууд үүсдэг гэж ХХААГ-аас нэмж зөвлөв.


-Малчид ноосны урамшууллын материалаа хэрхэн бүрдүүлэх вэ?

-2022 онд үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноос тушаасан малчин, мал бүхий этгээд мөнгөн урамшуулалд хамрагдахад шаардлагатай дараах мэдээллийг хүргүүлж байна.

“Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам’-ын тухай Засгийн газрын 2019 оны 343-р тогтоолд заасны дагуу малчин дараах шаардлагуудыг хангасан тохиолдолд урамшуулалд хамрагдана. Мал тооллого, бүртгэлийн А данстай байх. Үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноосонд Мал эмнэлгийн гэрчилгээ авсан байх. Үйлдвэрт хонь, тэмээний ноос тушаасан баримт нь, цахим төлбөрийн Ebarimt системд баталгаажсан байх шаардлагатай.

Үйлдвэрлэгчид НӨАТ-ын хуулийн 14.1.4 дэх заалтын хэрэгжилтийг хангахын тулд түүхий эдийн худалдан авалт нь татварын цахим төлбөрийн Ebarimt системд баталгаажсан байх ёстой.

2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Татварын Ерөнхий газраас Ebarimt аппликейшнд нэмэлт хөгжүүлэлт хийж, 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс малчин, мал бүхий этгээдийн Ebarimt-д бүртгэлтэй дансаар нь түүхий эдийн үнийг шилжүүлсэн буюу бэлэн бус тооцоо хийсэн тохиолдолд малчин, мал бүхий этгээд заавал баталгаажуулахгүйгээр үйлдвэрлэгчдийн төлбөрийн баримт шууд баталгааждаг болсон бөгөөд малчин, мал бүхий этгээдэд түүхий эдийн үнийг бэлэн тооцоогоор хийсэн тохиолдолд малчин баталгаажуулах шаардлагатай төлбөрийн баримт үүснэ.

Мал тооллогын А данстай бүх малчин, мал бүхий этгээдийг Ebarimt системд “Малчин’ ангиллаар бүртгэж, зөвхөн энэхүү ангиллаар бүртгэгдсэн иргэнд “Хүнс, хөдөө аж ахуйн урамшуулал’ гэсэн бараа, ажил үйлчилгээний сонголт харагдана.

Малчин өөрийн гар утсан дээрх Ebarimt аппликейшн дээр иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулж, малчны QR кодоо үүсгэсний дараа бараа, ажил үйлчилгээ сонгох цэсээс Хүнс, хөдөө аж ахуйн урамшууллыг сонгоно.

Хэрвээ малчин, мал бүхий этгээдийн үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноос нь “цахим төлбөрийн Ebarimt системд баталгаажаагүй” байвал урамшуулалд хамрагдах шаардлага хангагдахгүй учир малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал тооцож, олгох боломжгүй болно. Тиймээс малчин, мал бүхий этгээдийн бодитоор тушаасан ноосны хэмжээг тухайн оны 11 дүгээр сард багтаан баталгаажуулна. Ингээд өөрийн харьяа Татварын Хэлтэс, Татварын Тасаг, ХХААГ-аас зөвлөгөө авахыг малчдад зөвлөж байна. 

Related news