ДАРХАН-УУЛ: Улсын аварга тариаланчдад шагнал гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-02-20 12:53:54

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улиран өнгөрч буй Усан бар жилд Дархан-Уул аймгаас хоёр “Улсын аварга тариаланч” тодорсон. Тэдний нэг нь Хонгор сумын нэгдүгээр багийн тариаланч Д.Пүрэвдорж юм.

Цайдам өгөөж ХХК-д механикжуулагчаар ажилладаг бөгөөд 30 гаруй жил газар тариалангийн салбарт ажиллаж байгаа аж. Ургадаг алт хэмээн нэрийддэг улаан буудай тариалж газрынхаа үр шимийг хүртэн, ажил амьдралаа авч яваадаа үргэлж бахархдаг гэж Улсын аварга тариаланч Д.Пүрэвдорж ярьж байлаа.


Улсын аваргынх жилд дунджаар нэг га талбайгаас 16-17 центр ургац хураан авдаг. Газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, га-гаас авах ургацын хэмжээгээ жил бүр нэмэгдүүлж, аймаг нутгийнхаа хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн ийнхүү “Улсын аварга тариаланч”-аар тодруулсан аж.




Дархан нутгаас төрсөн хоёр дахь Улсын аварга тариаланч бол Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн тариаланч Бадарчийн Пүрэвийн гэр бүл юм. Газар тариалангийн салбарт оруулж буй хөдөлмөр, хувь нэмрээ төрдөө үнэлүүлж "Улсын аварга тариаланч"-ийн шагналаа Туулай жилийн босгон дээр гардан авлаа. Гэр бүл, хамт олныхоо хүчээр жил бүр 6-8 төрлийн хүнсний ногоо тариалдаг  бөгөөд сүүлийн жилүүдэд байцай түлхүү тариалж, нэг га талбайгаас 60 тонн байцай хураан авсан өндөр үзүүлэлттэй ажиллажээ.




Тариалсан хүнсний ногооныхоо 80-90 хувийг Улаанбаатар хот руу нийлүүлдэг бол үлдсэн хувийг Дархан, Орхон аймгийн зах зээлд нийлүүлдэг аж. Газар тариалангийн салбарт удам залган ажиллаж, хүн амынхаа хүнсний хэрэгцээнд эрүүл хүнсний ногоо, бүтээгдэхүүн нийлүүлж буй Улсын аваргын гэр бүлд шагналыг УИХ-ын гишүүн, ЁЗСХБХ-ны дарга Б.Баттөмөр болон УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарын бие төлөөлөгчид, аймаг, сумдын удирдлагууд гардуулан өглөө.




Ташрамд, Алтан гадас одонт улсын тэргүүний Орхон сумаас тодорсон Улсын тэргүүний тариаланч Бадарчийн Пүрэвийн өвөө Пунцагийн Очир 1984 оны Улсын аварга ногоочин, аав Очирын Бадарч 2001, 2005 оны Улсын Тэргүүний тариаланчаар шалгарч хошой аварга болж байсан бол ийнхүү гурав дахь үе болох Б.Пүрэв улсын аварга болсноор гурван үеэрээ улсдаа хөдөлмөрөө үнэлүүлэн, аваргынх хэмээн хүндлүүлж сум, орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж явна.

 

Related news