Э.Содномпилжээ Гиннесийн номд дахин бичигдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-03-06 11:58:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Гиннесийн номд бичигдлээ. Тэрбээр өнгөрсөн жилийн наймдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг-ыг өргөн түрүүлж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэхдээ өөрийн өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтаа гурван кг-аар ахиулсан байдаг. Тиймээс түүний амжилтыг албан ёсоор “Гиннес”-т бүртгэж авчээ.


Зуны олимпын XXXII наадамд өрсөлдсөн манай тамирчид 1 мөнгө 3 хүрэл авсан бол, паралимпийн наадамд “Рио-2016” паралимпын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн цомын аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээг пара пауэрлифтингийн төрөлд алтан медаль авна гэсэн хүлээлт монголчуудад байсан. Тэр ч энэ хүлээлтийг ёсоор болгож, паралимпийн аваргын алтан медалийг эх орондоо авчирсан билээ.


107 кг-ын жинд өрсөлдсөн Э.Содномпилжээ эхний 245 кг-ын захиалгаа амжилттай өргөж, Паралимпийн дээд амжилтыг тогтоон элэг нэгтнүүдээ баярлуулж байсан цаг саяхан. Ингэснээр паралимпийн шинэ рекордыг Монгол хүн тогтоосон түүхтэй. 


Түүний хувьд 2009 оноос хойш пауэрлифтингийн спортоор тууштай хичээллэж, 2010 оноос олон улсын тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргаж эхэлсэн бөгөөд дэлхийн олон рекордыг эвдэж, дэлхийн чансаатай тамирчдын тоонд зүй ёсоор багтсан тамирчин юм. 


1985 оны наймдугаар сарын 24-нд Эрдэнэт хотод төрсөн түүний амжилтууд:

·         2014 “Инчон 2014” Азийн зуны паралимпийн наадамд хүрэл медаль

·         2015 оны пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээний мөнгөн медаль

·         2015 онд пара пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний /ААШТ/ хүрэл медаль

·         2016 оны пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээний мөнгөн медаль

·         2016 “Рио 2016” зуны паралимпийн хүрэл медаль

·         2017 оны пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээний алтан медаль

·         2017 оны пара пауэрлифтингийн дэлхийн цомын /Европ тивийн/ тэмцээний алтан медаль

·        2017 оны пара пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ мөнгөн медальт /107 кг-ын жинд Ази тивийн дээд амжилт тогтоосон/

·         2018 оны пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээний алтан медаль

·        2018 оны пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-ий алтан медаль, /105 кг-ын жинд дэлхийн дээд амжилтыг 242,5 кг болгож шинэчлэн тогтоосон.

·         2018 оны пара пауэрлифтингийн Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт

·         2018 онд “Жакарта 2018” Азийн зуны паралимпийн наадмын алтан медаль /107 кг-д 244 кг-ыг шахаж дэлхийн дээд амжилт, Азийн паралимпийн наадам болон Ази тивийн дээд амжилтыг нэг дор 4 удаа шинэчлэн тогтоосон/

·          2019 оны пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээний алтан медаль

·      2019 оны пауэрлифтингийн хэвтээ шахалтын /IPF/ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль

·         2019 оны пара пауэрлифтингийн ДАШТ-ий алтан медаль

·         2019 оны пауэрлифтингийн /IPF/ Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль

·         2019 оны пауэрлифтингийн /IPF/ “Арнолд классик” тэмцээний мөнгөн медаль

·         2019 оны наймдугаар сард дэлхийн дээд амжилтаар “ГИННЕС”-т бичигдсэн.

·         2021 оны  “Токио 2021” Зуны Паралимпийн аварга юм.


Related news