ЗАВХАН: Хомын талын эзэн тахийн тухай илүү ихийг мэдвэл аялаарай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Дөрвөлжин сумын нутаг, Хомын талын байгалийн
цогцолборт газарт очиж, тахийн сүрэгтэй танилцах боломжтой болжээ.
Хомын талын байгалийн цогцолборт газарт “ТАХЬ” эко жуулчны
бааз өнгөрсөн жил үүд хаалгаа нээсэн. Улаанбаатар хотоос 1400 километрийн
алсад орших байгалийн өвөрмөц сайхан тогтоцтой энэхүү цогцолбор газарт дотоодын
болон гадаадын тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зайлшгүй
шаардлагатай байв. Хомын талын тахь сэргээн нутагшуулалт, идэвхтэй хамгааллын
үр дүнд өсөн олширч, ирж суурьшсан нэн ховор, ховор олон зүйлийн амьтан
ургамал, биологийн олон янз байдлын тухай мэдлэг мэдээллийг эндээс жуулчид авах
боломжтой. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн онцлог шинж байдал, ач холбогдлыг хүмүүст илүү
сайн танилцуулах боломж бүрдээд буй нь энэ юм.
“ТАХЬ” жуулчны баазын нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн 9-р сард болсон бөгөөд Францын Тахь хамгаалах холбооны удирдлага, ажилтнууд, сайн дурын ажилтнууд, жуулчид, Германы "Натукейт" жуулчны компанийн төлөөлөл, дотоодын хамтран ажиллагч байгууллагууд болох Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл, “Монгол элс” БЦГ, “Хар ус нуур” БЦГ, “Хан Хөхий” БЦГ, “Отгон бор хавцал” ТББ-уудын төлөөлөл ирж оролцсон юм.
Мөн тахийн идээшин буй
нутаг, Дөрвөлжин сумын Онц багийн
нөхөрлөлийн гишүүд, иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж бидний үйл ажиллагааг дэмжиж
оролцсон. Ингээд өнгөрсөн 9-р сард Францаас анхны жуулчдаа хүлээн авсан. Тиймээс
Хомын талын эзэн тахийн талаар илүү ихийг мэдэж авахыг хүсвэл Хомын тал
нутгаар аялах, эко аяллыг санал болгож байна. Энэхүү жуулчны баазаас тахийн
талаарх бүхий л төрлийн мэдээллийг авахаас гадна, тахийг хэрхэн хамгаалж буй
судалгааг биеэр үзэж, байгаль хамгаалагчид, нутгийн уугуул иргэдийн аж ахуйтай танилцаж,
тэдний үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдээс худалдан авах боломжтой юм.
"Хомын
талын тахь" ТББ нь 2014 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш өдгөө тахийн сүргийг
эх нутагтаа идээшин дасах судалгаа, боломжийг бий болгож, нутгийн уугуул
иргэдтэй хамтран хамгаалах ажлыг хийж байна.
Тодруулбал,
Францын Тахь хамгаалах холбооноос тахь сэргээн нутагшуулах ажлыг гардан авч,
үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй байгууллага бөгөөд тахийг сэргээн нутагшуулах,
биологийн олон янз байдлыг хамгаалах, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих
үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.
"Хомын
талын тахь" ТББ-ын өнгөрсөн жилийн онцлох үйл явдлуудаас дурдвал, тахийн
сүрэг 138 болж, өнгөрсөн жил 26 унага шинээр төржээ. Мөн гадаадын болон
дотоодын байгууллага, хувь хүмүүст тахийн 9 унага үрчлүүлсэн байна.
Түүнчлэн Хомын талын байгалийн цогцолборт газрын зэрлэг амьтдын тооллогыг дөрвөн удаа хийжээ. Тооллогод цагаан зээр 660, янгир 110, бөхөн 132, хар сүүлт 57 тоологдож, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран нэн ховор, бөхөн хүзүүвчлэх ажлыг хийсэн байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн онцгой бүсийн 20 км хашааны ээлжит засварыг
хийсэн. Нутгийн уугуул иргэдийн нөхөрлөлүүдийг чадавхжуулах, иргэдийг
мэдээллээр хангах сургалтуудыг амжилттай хийсэн. Францын ЭСЯ-тай
хамтран Европын холбооны өдөрлөгт амжилттай оролцсон. Өнгөрсөн 9-р сард Францын
Тахь хамгаалах холбооны ажилтнууд тус улсын жуулчдыг “Тахь” эко жуулчны бааздаа хүлээн
авсан гээд багагүй ажлыг амжуулсан гэж "Хомын талын тахь" ТББ-аас мэдээлэв.
Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэр амьтан, ургамлын олон зүйлийн амьдрах орчныг бүрдүүлдэг. Энэхүү биологийн олон янз байдал нь Монгол улсын эдийн засаг, соёл, хөгжлийн суурийг бүрдүүлнэ. Биологийн олон янз байдлыг хамгаалахын тулд засгийн газраас улсын нийт нутаг дэвсгэрийн бараг 30 шахам хувьд үндэсний болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг байгуулаад байна.
Тодруулж хэлбэл, 2020 оны 5-р сард УИХ-ын шийдвэрээр, Хомын
талыг улсын тусгай хамгаалалтад авсан. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн ашиглалт нь энэхүү
өргөн уудам хамгаалалттай газар нутгийн биологийн олон янз байдал, экосистемд
заналхийлэл учруулж байна.
Энэхүү аюул заналыг бууруулахад иргэн бүрийн оролцоо маш чухал юм. Тиймээс Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс (GIZ) бэлтгэн гаргасан “Тусгай Хамгаалалттай Газар нутагт аялагчдад зориулсан удирдамж”-ийг бид иргэдэд олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүргэж байна.
Мөн Хомын
талд аялагчдад зориулан хүргэж байна. Зөвхөн тусгай хамгаалалттай газар нутаг
гэлтгүй бид байгальд аялахдаа заавал анхаарч байх ёстой зүйлсийг энэ зөвлөмжид зааж
өгсөн байдаг юм. Бид жуулчдад илүү их мэдээллийг өгч, тусгай хамгаалалттай
газар нутгийн онцлогийн талаар, тахийн талаарх сонирхолтой мэдээллүүдийг ч
хуваалцах боломжтой гэж Хомын
талын тахь ТББ-аас нэмж дуулгав. Ташрамд тус төрийн бус байгууллага тахийн
талаарх сонирхолтой баримтуудыг нэгтгэн иргэдэд танин мэдэхүйн мэдээллүүдийг
хүргэдэг ба тэдгээрээс нь онцолбол,
Тахь
хэзээ ирсэн бэ?
-1993 онд Францын иргэн Клаудиа Фэ өөрийн багийн хамт тахь сэргээн нутагшуулах зорилгоор Европын амьтны хүрээлэнгүүдээс Францын өмнөд нутаг дахь Севенний Байгалийн цогцолборт газрын Ле Вилларет хэмээх газарт 11 тахийг авч иржээ. Эдгээр тахь нь энэхүү уулархаг газрын эрс тэс уур амьсгалд дасан зохицож чадсан бөгөөд 2004, 2005 онд нийт 22 тахийг Монгол Улс руу тээвэрлэн, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талд авч иржээ.
Тахийн талаарх сонирхолтой баримтууд:
-Дэлхийн Байгаль хамгаалах холбооны улаан дансны ангиллын шалгуураар тахь адуу нь 1996 он хүртэл “Байгальд устсан” гэсэн ангилалд байжээ. Баримт: 2006 онд, дээрх ангиллыг бууруулж тахийг “Устаж байгаа” ангилалд орууллаа. Баримт: 2011 онд, Дэлхийн Байгаль хамгаалах холбоо тахь адууг улаан дансны “Устаж болзошгүй” хэмээх ангилал руу дахин бууруулжээ.
Баримт:
-Хомын талын тахийн сүргийн өсөлтийн хурд жилд 20 орчим хувьтай байна.
Баримт: -Унага болон бие гүйцсэн тахийн мэнд үлдэлт
60-80 хувьтай байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт юм.
Баримт: -Хомын талын тахийн тоо толгой 100 хүрэхэд
хамгаалалтын хашаанаас суллан тавих төлөвлөгөөтэй байгаа аж.
Баримт: -1898-1904
онд Монголын говиос барьж, Европын амьтны хүрээлэнгүүдэд аваачсан 53 унаганаас
ердөө 12-ынх нь үр удам үлджээ.
Баримт: -1947 онд Монголын ШУА-ийн судалгааны баг зүүн
гарын говиос тахийн унага барьсан нь байгаль дээрээс барьсан сүүлийн зэрлэг
унага байжээ.
Баримт: -1950 онд амьтны хүрээлэнгүүдэд ердөө 12 бодгаль
үлдсэн бол 1969 оноос хойш тахийг байгаль дээр ахин хараагүй байна.