СЭЛЭНГЭ: Маркийн танхимыг анх удаа байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол марк
худалдаанд гарсны 100 жилийн ойг угтан Сэлэнгэ аймгийн шуудан үйлчилгээний
газарт орчин үеийн стандартад нийцсэн, шинэ
өнгө төрх бүхий маркийн танхим
байгуулжээ.
Аймгийн Шуудангийн
газар нь 1898 онд байгуулагдсан бөгөөд эдүгээ 125 жилийн түүхтэй.
Энэхүү танхим нь орчин үеийн
стандартад нийцсэн, шинэ өнгө төрхийг агуулсан бөгөөд
Монгол Улсын 21 аймаг, хөдөө орон нутагт анх удаа гэдгээрээ онцлогтой ажээ.
“Монгол марк түүх өгүүлнэ” төслийн хүрээнд
байгуулж буй эл танхимыг байгуулснаар марк сонирхогч, цуглуулагчид Сэлэнгэ аймгийг зорин ирэх зочид,
гадна дотны аялагчдын заавал үзэх үзвэрийн нэг болох аж.
Тус танхимыг 3-р сарын
17-ны өдөр албан ёсоор нээх аж. Энэ үеэр нэн ховор маркийн үзэсгэлэн болох бөгөөд алтан маркийн дуудлага худалдааг зохион
байгуулахаар төлөвлөжээ.
Энэхүү үйл ажиллагааны талаар
Сэлэнгэ аймгийн Шуудангийн газрын дарга Ц.Золзаяагаас тодрууллаа.
Тэрбээр: ”Монгол Улсад 2 дахь удаагаа маркийн дуудлага
худалдаа болох гэж байна. Анхных нь Улаанбаатар хотод болж байсан. Харин хоёр дахь
нь орон нутагт буюу Сэлэнгэ аймагт анх удаа болно.
Мөн
энэ танхимыг Монгол Улсад анх удаа байгуулж байгаагаараа онцлогтой.
100 жилийн түүхэнд Монгол Улс
34 ширхэг алтан маркийг хэвлэн гаргасан байдаг юм байна. Энэ сарын 17-ны өдрийн
нээлтийн үйл ажиллагаан дээр монгол маркийн 34 ширхэг алтан маркийг дуудлага
худалдаагаар худалдахаар зохион байгуулж байгаа. Маркийг Франц улсад хэвлэдэг. Маркийг
хэвлүүлэхийн тулд 3 жилийн өмнөөс төлөвлөгөө гаргаж батлуулаад, Засгийн газраар
оруулж байж хэвлүүлдэг онцлогтой.
Манай танхимд 12 нэр төрлийн сэдвийн
марк орсон. Тухайлбал ургамал, ан амьтан, уламжлалт өв соёл, тээвэр, урлаг,
спорт гэх мэт төрөлжүүлэн иргэдэд үзэхэд ойлгомтой байдлаар дэлгэн харуулахаар
бэлтгэсэн.
Энэ танхимын зураг төслийг миний
бие өөрөө санаачлан хийсэн. Харин гүйцэтгэгчээр Дархан-Уул аймгийн "Эвэн өргөө" ХХК ажиллаж байна.
Бид гадна талаасаа Монгол Улсынхаа
21 аймаг, 360 суманд Монгол шуудан үйлчилгээ хэрхэн хүрдэг байдлыг харуулж, "Монгол
шуудан" компанийн уриаг гаргасан маягаар хаягжуулалт хийсэн.
-Энэ үеэр өөр ямар онцлог үйл
явдал болох вэ?
-Монгол Улс дээр үед хийсэн,
ирсэн марк болгоныхоо дээжээс АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал гуайд
өгдөг байсан юм билээ. Тэгээд Цэдэнбал гуай өөрт хадгалж байсан 2300 гаруй маркийн цуглуулгыг өөрийнхөө итгэлт жолоочийнхоо хүүд дурсгал болгон өгсөн байсан юм байна.
Энэ дуудлага худалдаанд тэр маркааас бас оролцох хүсэлтээ ирүүлсэн байгаа.
-Гаднаас марк сонирхогчид
оролцох хүсэлтээ ирүүлж байна уу?
-Орхон аймгаас орох хүсэлтээ ирүүлсэн.
Орхон аймаг марк сонирхогчдын клубтэй юм билээ.
-Дэлхийн олон орон марк
хийдэг. Манай Монгол маркийн ялгарах онцлог?
-Дэлхийн шууданд холбогдсон 200 гаруй улс байдаг. Тэр улс бүхэн маркийн дээжээ хүргүүлдэг байгаа. Монгол марк үндэсний хээгээ шигтгэж оруулснаараа дэлхийн маркуудаас онцлогтой.
-Дуудлага худалдааг хэрхэн
зохион байгуулах вэ? Танхим маш гоё болжээ?
-Сангийн яамны тогтоосон журмын дагуу дуудлага худалдаа болно. Маркийн танхим 100 хувь төслийн санхүүжилтээр хийгдэж байгаа. Энэ танхимын тааз, шал, хана, цонх гэх мэт бүгд төслийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн. Мөн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам нарын дэмжлэгтэйгээр энэхүү танхимыг байгуулсан.
Related news

