ДАРХАН-УУЛ: Нөөцийн махыг өмнөх оныхоос 300 төгрөгөөр хямд худалдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Жил бүрийн хаврын улиралд нөөцийн мах худалдаанд гаргадаг. Хүн амын хүнсний хэрэгцээний махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх, үнийн өсөлтийг зохицуулах зорилготой юм. Өнгөрсөн намар бэлтгэсэн, гарал үүсэл, эрүүл ахуйн шаардлагыг холбогдох лабораторийн дүгнэлтээр баталгаажуулж тусгайлан бэлтгэсэн махыг нийлүүлэгч компанитай гэрээ байгуулсан хүнсний дэлгүүрүүд худалдах ажээ.
Өнөөдрөөс худалдаанд гарч буй нөөцийн махыг Дархан, Хонгор, Шарын гол сумын 31 дэлгүүр гэрээ байгуулж, худалдан борлуулах эрхээ авсан аж.
Энэ жилийн нөөцийн махыг “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК бэлтгэн нийлүүлж байна. Нийт 130 тн мах бэлтгэснээс үхэр 65 тн, хонь 58.5 тн, ямаа 6.5 тн бэлтгэжээ. Үнийн тухайд үхрийн ястай мах нэг кг нь 9200 төгрөг , хонины ястай мах нэг кг нь 8200 төгрөг, ямааны ястай мах нэг кг нь 7200 төгрөгөөр худалдах аж. Үнийн тухайд өнгөрсөн жилийнхээс хонь, ямаа, үхрийн мах 300 төгрөгөөр буурчээ.
Зах, худалдааны төвүүдэд нийлүүлж буй мах, жижиглэнгийн худалдаа, иргэдийн худалдан авах боломжоос шалтгаалан нөөцийн мах худалдаанд гаргах асуудлыг шийдвэрлэдэг. Өнгөрсөн жил гуравдугаар сарын нэгний өдөр гаргаж байсан бол энэ жил өмнөх оны мөн үеэс хагас сарын дараа худалдаанд гаргаж байна.
Мөн нөөцийн
махны бэлтгэл 70 тонноор буурчээ. Тодруулбал, өнгөрсөн жил 200 тн мах нийлүүлж байсан бол энэ удаад 130 тн
болжээ. Нөөцийн махыг өнгөрсөн жил наймдугаар сар хүртэл дэлгүүрүүдэд
худалдсан. Гэрээний биелэлт 91.4 хувь дүгнэгдсэн буюу 182.87 тн махыг
өнгөрсөн оны 3-7 дугаар сард борлуулжээ. Анх 34 дэлгүүр нөөцийн мах худалдах
гэрээ байгуулж байсан бол 8 дугаар сард 56 болж нэмэгджээ.