ДАРХАН-УУЛ: Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-20 14:38:55

Дархан /МОНЦАМЭ/. Аймгийн УЦУОШТ-өөс ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 20-21-нд шилжих шөнө Дархан-Уул  аймгийн нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Агаарын температур эрс хүйтэрч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэх тул тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Мөн иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг аймгийн ОБГ, УЦУОШТ-өөс онцгойлон анхаарууллаа. Манай аймгийн тухайд олон улсын А зэрэглэлийн автозам замжин өнгөрдөг тул улс, хот хоорондын ачаа тээврийн урсгал, иргэдийн зорчих хөдөлгөөн ихтэй тул цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тутам авч байхыг сануулав.

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замд халтиргаа, гулгаа үүсэх, Хустай, Хараа, Тахилт, Хар модот зэрэг өндөр даваанууд цасанд боогдох эрсдэлтэй тул шөнө, оройн цагаар хол замд зорчихгүй байж, өөрийн эрүүл мэнд, амь насаа хайрлаж, эд хөрөнгөө хамгаалахыг санууллаа.

Related news