ГОВЬ-АЛТАЙ: Д.Пүрэвдагва: Төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан 67 нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-29 10:52:37

Есөнбулаг  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Прокурорын газраас нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх чиг үүргийнхээ хүрээнд 2022 онд аймгийн Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудаас төрд хохирол учирч төлөгдөөгүй байдлын судалгааг гаргажээ. Судалгааны үр дүнгийн талаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Пүрэвдагваас тодрууллаа.

 

-Говь-Алтай аймгийн Прокурорын газраас нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа, энэ ажлын хүрээнд хийж буй ажлаасаа онцлон танилцуулбал?

-Говь-Алтай аймгийн прокурорын газраас Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохиогчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасны дагуу төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2022 онд аймгийн Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудаас төрд хохирол учирч төлөгдөөгүй байдлын судалгааг гаргуулан авсан. Судалгааны хүрээнд аймгийн Төрийн аудитын газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтэстэй хамтарсан уулзалт зөвлөгөөн байгуулж, хамтран ажиллах төлөвлөгөө гаргасан. Улмаар 2022 онд төрийн байгууллагын хүсэлт болон өөрийн санаачилгаар 215,925,000 төгрөгийн үнийн дүн бүхий 67 нэхэмжлэл бичиж шүүхээр шийдвэрлүүлсэн.

 

-Танайд хандсан 70 гаруй нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлсэн гэлээ. Тэдгээрийн дийлэнх хувийг ямар хохирол эзэлж байна вэ?

-Дээрх 67 нэхэмжлэлийг маргааны төрлөөр нь авч үзвэл Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирлыг гаргуулах тухай 47, Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн гэрээний үүргээ зөрчсөн этгээдээс хохирол гаргуулах тухай 12, Төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүйгээр халсны улмаас учирсан гэм хорын хохирол гаргуулах тухай 7, гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах тухай 1 нэхэмжлэл бичсэн.

 

-Сум хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгөтэй холбоотой асуудал багтсан байна. Ямар тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлж байна вэ?

-Төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан байдлыг судлаад үзэхээр иргэдээс Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ хугацаанд нь төлдөггүйгээс үндсэн зээл болон зээлийн хүү, алданги гээд анх авсан зээлээсээ илүү их төлбөр төлөх байдал үүсэж байна.

Түүнчлэн Сум хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгө нь улсын төсвөөс олгогддог, жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулагддаг. Зээлдэгч зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэнд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл юм.

 

-Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх энэхүү ажлын хүрээнд төрийн алба хаагчийг хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн тохиолдол мөн багтсан байна. Энэ төрлийн хохирлыг хэн барагдуулах ёстой вэ, төр үү эсвэл хууль зөрчсөн дарга уу?

-Мөн төрийн байгууллагын дарга нарын алба хаагчийг ажлаас халсан шийдвэр нь Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хууль бус болох нь тогтоогдож, улмаар ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олговор байдлаар тухайн төрийн байгууллага төлж барагдуулсан тохиолдлууд их байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103.1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасан тул хууль зөрчиж тушаал гаргасан албан тушаалтан гэм хорын хохирлыг зайлшгүй төлөх үүрэг хүлээж байгаа гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй байна.

-Тодруулга мэдээлэл өгсөнд баярлалаа.

Related news