СЭЛЭНГЭ: Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийг сургууль бүр дээр байгуулж тогтмол ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-07 17:02:58

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мэдээллээр аймгийн хэмжээнд насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлтэй гарчээ.


Оны эхний 3 сарын байдлаар насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэг 4 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 5-аар  буюу 55.6 хувиар буурсан байна. Мөн дээрх хугацаанд аймгийн хэмжээнд зөрчилд өртөж хохирсон 19 хүүхэд байгаа ажээ.  


Хүүхэд холбогдсон гэмт хэргийг нарийвчлан авч үзвэл хүүхдийн эрх зөрчих зөрчилд 7, хүний бие махбодид халдах зөрчилд нэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчилд 8, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд нэг, танхайрах зөрчилд 2 байна. Үүнээс эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодох 10, хүний бие махбодид халдах 3 хэрэг бүртгэгджээ.


Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийг насны ангиллаар нь авч үзвэл 10-17 насны 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүүхэд байгаа аж. Хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн 1 нь гэр орон сууцанд, 1 нь авто замд, 2 нь гудамж талбайд үйлдэгдсэн байна. Хэрэг үйлдэгдсэн газар нь аймгийн төв Сүхбаатар суманд 3, Мандал суманд 1 бүртгэгдсэн байна.  


Иймээс аймгийн Цагдаагийн газраас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр албан даалгавар, төлөвлөгөө гаргаж үр дүнг тооцон ажиллах талаар хүүхдийн болоод холбогдох байгууллагуудад анхааруулга хүргүүлжээ.   


-Аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн  газар, Боловсрол шинжлэх ухааны газар зэрэг 4 байгууллагаас  нэгдсэн  сургалтын баг гарган ажиллах. Дээрх баг нь сум бүрт  хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд, эцэг, эхчүүд, багш нарт өртөөчилсөн сургалт зохион байгуулж, эргүүлэн мэдээлж байх.


-Мөн сургуулийн нийгмийн ажилтан, анги даасан багш нар хамтарч хариуцсан сургуулийнхаа сурагчдын судалгааг нарийвчлан гаргаж, баяжилтыг тогтмол хийн  хэсгийн төлөөлөгч, байцаагч, сургуулийн хүүхэд хамгааллын болон сум, багийн хамтарсан багтай хамтарч эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд тавих хяналтыг сайжруулах.


-Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилго бүхий “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийг сургууль бүр дээр байгуулж тогтмол ажиллуулах.


-Мөн хариуцсан сум, багийнхаа хүүхэд эрсдэлд өртөж болзошгүй газруудад жилд 1-2 удаа  мэргэжлийн байгууллагын алба хаагч нартай хамтран хяналт шалгалтыг зохион байгуулж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах.


-Сургуулийн  гадаад, дотоод хяналтын камерыг тогтмол ажиллагаатай байлгаж, бичлэгийг 30 хоногоос дээш хугацаанд хадгалж гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн, хүүхэд эрсдэлд өртсөн тохиолдолд эргэж шүүж үнэлэлт дүгнэлт хийдэг байх.


-Сургууль орчмын замын тэмдэг, тэмдэглэгээ, зогсоолыг сайжруулж хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, гараас гарт өгөх журмын хэрэгжилтийг хангах.


-Сумдын хамтарсан багийн  үйл ажиллагааг эрчимжүүлж  аливаа төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнг сайжруулах зэргээр бодитой, үр дүнтэй үйл ажиллагаа явуулахыг анхааруулсан байна.

Related news