СЭЛЭНГЭ: Улсдаа анх удаа ЕБС-иудаа иж бүрэн лаборатори, хэрэглэгдэхүүнээр хангасан аймаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-11 12:43:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг Монгол Улсад анх удаа ЕБС-даа иж бүрэн лаборатори, хэрэглэгдэхүүнээр хангасан аймаг боллоо.


Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны А/60 дугаар тогтоолоор “Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж” үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр баталсан байдаг. Иймээс энэхүү арга хэмжээний хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалт, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын санаачилгаар ерөнхий боловсролын сургуулиудаа иж бүрэн лаборатори, хэрэглэгдэхүүнээр хангаж байна.


Тухайлбал тус аймаг 2021 онд УИХ-ын гишүүн Ч.Ундрамын дэмжлэг, санаачилгаар биологийн хичээлийн иж бүрэн лабораториудыг сургуулиудад хүлээлгэн өгсөн. Харин энэ удаа хими, физик, дизайн технологийн хичээлүүдийн 247 нэр төрлийн 19052 ширхэг хэрэглэгдэхүүнийг аймгийн нийт 33 сургуульд хүлээлгэн өглөө.  

Ингээд үйл ажиллагааны үеэр хийсэн ярилцлагаа хүргэе.


Үйл ажиллагааны нээлтийн үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж:

”Бид сургалтын байгууллага, тоног төхөөрөмж" үйл ажиллагааны хүрээнд сургууль, цэцэрлэг бүрд үе шаттайгаар шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж байна. Энэ сардаа багтааж аймгийн Засаг даргаас 54 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, 6 сургуульд физикийн хичээлийн тоног төхөөрөмжийг нийлүүлнэ. Ирэх 2024 онд газар зүй, математикийн хичээлийн хэрэглэгдэхүүнээр үе шаттай хангахаар төлөвлөсөн.


Цаашид УИХ-ын 3 гишүүнтэй хамтран чадварлаг багш үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттай хийхээр харилцан тохиролцоод байна.  

Иймээс захирлууд та бүхэн бидэнтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Өнөөдөр химийн тоног төхөөрөмж ирж байгаад би маш их баярлаж байна. Үүн дээрээ үндэслээд цаашдаа Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллах эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх зайлшгүй шаардлагатай болж байна. Манай аймагт 87 эмч, эмнэлгийн ажилтан дутуу байгаа.  


Өнөөдөр бид үнэхээр чадварлаг хүмүүсээ ажиллуулж, мэргэжлийн боловсон хүчнээ дэмжиж байж Монгол Улс хөгжих юм байна гэдгийг харж байна. Бид аймаг, улсын төсвөөр оруулж байгаа хөрөнгө оруулалтуудыг аль болох чанартай зохион байгуулах хэрэгтэй.  


Энэ тоног төхөөрөмжөө ашиглаад аль болох чадвартай, боловсон хүчин бэлтгэх суурийг тавихад та бүхэн минь анхаараарай. Цаашдаа аймаг, орон нутгийнхаа боловсон хүчний судалгаан дээр суурилсан мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй гэдгийг та нартаа хэлье” хэмээв.  


УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Монгол Улсын хөгжлийн хамгийн чухал зүйл нь боловсролд суурилна


-Таны санаачлан хэрэгжүүлж байгаа ажил үр дүнгээ өгч, улсдаа анхдагч сайн жишээ болж байна. Ерөнхийдөө Сэлэнгэ аймгийн бүх ЕБС-д гол гол хичээлүүдийн тоног төхөөрөмж, лабораторитой боллоо. Багш, сурагчид төдийгүй эцэг, эхчүүд ч их баяртай байгаа. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Би өөрөө багшийн ширээнээс, боловсролын салбараас сонгогдсон УИХ-ын гишүүн.

Анх сонгуульд өрсөлдөж байхдаа л бид боловсролын салбарт анхаарах хэрэгтэй юм байна. Хүүхэд болгонд амьдралын тэгш гарааны боломжийг өгөх ёстой юм байна. Ялангуяа орон нутагт байгаа сургуулиудад сайн чанарын сургалтын хэрэглэгдэхүүнүүд, тоног төхөөрөмж, лабораториуд маш их дутмаг байдаг юм байна гэдгийг олж харж явсан. Аль ч багш хэрэглэгдэхүүнгүйгээр, ялангуяа технологи шинжлэх ухааны инженэрчлэлийн хичэээлийг заахад маш хэцүү, хүүхэд ч гэсэн ойлгоход хүнд шүү дээ. Иймээс энд анхаарах ёстой гэсэн асуудлуудыг дэвшүүлэн ирсэн. Өнөөдөр тодорхой хэмжээнд зорилтууд маань эхнээсээ биелэлээ олоод явж байгаад маш их баяртай байна.

Өмнө нь бид биологийн лабораторийг сургуулиудад өгсөн. Мөн түрүү жил эрэгтэй, эмэгтэй технологийн хэрэглэгдэхүүн өгөөд эхэлсэн байсан. Одоо үлдэгдлийг нь өгч байна. Үүн дээр нэмээд хими физикийн лабораторийг өглөө.


Ингэснээр хүүхдүүд маань байгалийн болон инженер технологийн хичээлийг маш сайн ойлгох, цаашлаад энэ мэргэжлийг сонгох, ирээдүйд улс орондоо хэрэгтэй хүний болон малын эмч болоход нөлөөлнө. Манай аймаг газар тариалангийн бүс нутаг учраас агрономичид, биотехнологичид, нано технологийн хүмүүс, механик инженерийн хүмүүсийг бэлтгэх үндсэн суурь нь ерөнхий болосвролын сургуулиас тавигдаж байх ёстой.


Ийм учраас энэ бүхэн сургалтын чанарт нэлээд ач холбогдол өгнө гэж үзэж байгаа. Бусад 21 аймгаас анх удаа манай Сэлэнгэ ийм иж бүрэн лаборатори, сургалтын хэрэглэгдэхүүнтэй болж байна. Боловсролын яам туршлага судлаад бусад аймагт үүнийг хэрэгжүүлэхээр худалдан авалтаа зарлаад эхэлчихсэн байгаа юм байна лээ.  


Сэлэнгэ аймгийн боловсролын салбарт сүүлийн жилүүдэд хийж байгаа санаачилгууд маань нэг алхмын өмнө явж байна гэж бодож байгаа.

Цаашдаа улс орон даяараа ийм лабораторитой болох юм бол монгол хүүхдүүдэд л хэрэгтэй.


-Өнгөрсөн хугацаанд таны санаачлан хэрэгжүүлсэн цахим хичээл бас нэлээд үр дүнтэй болсон. Одоо цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Өнгөрсөн жилүүдэд онлайн хичээлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд маш олон хүүхдийн ЭЕШ-ын дүн өндөр гарч хүссэн сургуульдаа орох боломж нь бүрдсэн. Үүний дараа яамны онлайн хичээлүүд гарч эхлээд улс орон даяар онлайн хичээлүүдийг маш сайн хэрэглэж байна.  


Манай эмэгтэй гишүүд хамтраад үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол хөтөлбөр болгож өгсөн. Бүх сургууль, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг анхаарч, боловсон хүчний асуудал дээр улсаараа анхаарч байгаа. Үүнийхээ дагуу хүүхдэд шим тэжээлтэй хоолыг сургууль дээр өгч байгаа.


Мөн англи хэлний боловсролыг дэмжих лобби клубийг байгуулсан. Тэгэхээр удахгүй бүх аймаг англи хэлний боловсол руу нэлээд анхаарах болно. Солонгосын хөгжлийн хамгийн гол түлхүүр нь юу байсан юм бэ гэж асуухад 10 солонгос хүний 9 нь боловсрол гэж хэлдэг. Тэгэхээр Монгол Улсын хөгжлийн хамгийн чухал зүйл нь боловсролд л суурилна. Тэгж байж л бид салбар салбараа авч явах, маш сайн боловсон хүчин бэлтгэгдэнэ. Энэ улсын авч явах хүмүүсээ боловсролын салбараас л бэлтгэдэг учраас энэ салбарт зайлшгүй анхаарах ёстой. Хүн бүрийн оролцоо идэвх гэж бодож байна.


Д.Нарангэрэл: Хүүхдүүддээ байгалийн ухаан, хими, физик, хөдөлмөрийн хичээлийн чиглэлээр сургалтын бааз суурийг бэлтгэж байгаад маш их баяртай байна


Мөн тоног төхөөрөмж нийлүүлэгч “Синапис” ХХК-ийн захирал Д.Нарангэрэл: ”Монгол Улсад хими, физик, инженер технологийн мэргэжлийн хүмүүс түүнийг сонгож байгаа хүүхдүүд цөөрч байгаад сэтгэл эмзэглэж байна. Ийм үед танай аймаг хүүхдүүддээ байгалийн ухаан, хими, физик, хөдөлмөрийн хичээлийн чиглэлээр сургалтын бааз суурийг бэлтгэж байгаад маш их баяртай байна. Ч.Ундрам гишүүнд маш их талархаж байгаагаа илэрхийлье. Энэ гайхалтай үйлс нь улам өргөн дэлгэр байхыг хүсье. Хүүхдүүд маань Монголдоо төдийгүй дэлхий нийтэд гайхагдсан нэртэй инженерүүд, химичид, физикчид технологичид болохыг хүсэн ерөөе. Манай компанийн зүгээс 50 хүүхдийн зардлыг нь хариуцаад Улаанбаатар хотод автобустай аялал зохион байгуулах саналтай байна. Тэдгээр хүүхдүүдийг шинжлэх ухааны хүрээлэнгүүд, технологи хөгжиж байгаа байгууллагуудаар аялуулж, мэргэжил сурталчлах ажлыг хамтран зохион байгуулъя.


Манай компани 2021 онд 430 сая төгрөгийн биологийн хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгч байсан. Энэ удаагийнх болохоор хими, физик, биологи, эрэгтэй хөдөлмөр, эмэгтэй хөдөлмөр гэсэн 5 бүлгийн нийт 247 нэр төрлийн 19052 ширхэг барааг бид нийлүүллээ.

Үүнийг гүйцэлдүүлэхийн тулд бид 3-4 сарын хугацаа зарцуулсан. Мэдээж бид чанарт их анхаардаг. Үнэ дагаж чанар байдаг. Хүүхдүүд хэрэглэх юм чинь аль болох чанартай байх ёстой гэдэг бодлого баримталж ажилладаг гэв.  


Аймгийн БШУГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Алтантуяа: Энэ бол Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачууудыг сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, ирээдүйн мэргэжлийн чиг баримжааг эзэмшүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй байх болно.

Энэ бүхэнд багш нар идэвх санаачилгатай байж, хамтран ажиллаж, хүүхдүүдээ зөв чиглүүлж удирдсанаар өнөөдөр сургалтын чанартаа ахиц гаргаж. Мөн байгууллага бүр амжилттай ажиллаж, гүйцэтгэлийн үнэлгээнийхээ үр дүнг ахиулахад маш чухал нөлөөтэй юм гэдэгт итгэлтэй байна.   


Мандал сумын ЕБС-ийн 4-р сургуулийн захирал Б.Нарангэрэл: Тэгш хүртээмжэй олгож байгаа нь маш шударга


УИХ-ын гишүүн Ч.Ундрам 2019 онд манай сургуулийг үүсгэн байгуулахад Ундрам сангаасаа 37 сая төгрөгөөр биологийн хичээлийн лаборатори байгуулан тохижуулж өгч байсан.

Түүнийг бид ганцхан биологийн хичээл гэлтгүйгээр хими, бага ангийн байгалийн ухааны хичээлд ч ашиглаж байгаа.

Ер нь боловсролын байгууллагад тэр тусмаа сургуульд суралцагч хүүхдүүдэд тэгш боломжийг олгох, түгээх хүртээх гэдэг зарчмаар энэ үйл ажиллагааг Ундрам гишүүн өөрийн санаачилгаар 2019 оноос хойш хэрэгжүүлж байна. Өнөөдөр бүх сургууль иж бүрэн лаборатори танхимуудтай болсон. Ингэж тэгш хүртээмжэй олгож байгаа нь маш шударга бөгөөд үнэхээр оновчтой шийдвэр, зөв бодлого гэж би хувьдаа боддог.


Өнгөрсөн намар манай сургууль эмэгтэй технологийн тоног төхөөрөмж хэрэглэгдэхүүн авсан. Энэ байгалийн ухааны хичээлийн хэрэглэгдэхүүн бол хүүхдүүдийг шинжлэх ухаанд суралцуулахад маш хэрэгтэй зүйл. Манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд боловсролдоо маш их анхаарч байгаа нь ирээдүйгээ харсан зөв шийдвэр гэж харж байна.


-Сүхбаатар сумын ЕБ-ын 3-р сургуулийн 9а ангийн сурагч А.Нарансолонго:


Хүүхдүүд бидний ирээдүйд маш том хөрөнгө оруулалт хийж өгсөн аймгийнхаа удирдлагууд, УИХ-ын гишүүн Ч.Ундрам та бүхэнд баярлалаа.

Манай сургуульд өгсөн биологийн иж бүрэн лабораторид хүүхдүүд бид маш их сонирхолтой хичээллэж байгаа. Үүнийхээ үр дүнд би биологийн хичээлийн улсын олимпиадад оролцох эрх авсандаа туйлын их баяртай байгаа.  

 

Дээрх үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, нийлүүлэгч “Синапис” ХХК-ийн захирал Д.Нарангэрэл, аймгийн БШУГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Алтантуяа, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Оюун, Монгол Улсын гавьяат багш Д.Дуламсүрэн, ЕБС-иудын захирал, холбогдох хичээлийн багш нар оролцлоо.












Related news