СЭЛЭНГЭ: Байгаль, түүх, соёлын өв бүхий газруудыг сэргээн засварлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-02 11:53:10

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дотоод, гадаадын аялагч амрагчдыг татаж, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд онцгойлон анхаарч байна.


Тухайлбал аймгийн аялал жуулчлалын салбарын уулзалтыг зохион байгуулж, иргэд, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, байгаль, түүх, соёлын өв бүхий газруудыг таниулан сурталчлах зорилгоор сэргээн засварлах ажлуудыг хийжээ. 


Мөн энэхүү ажлын хүрээнд аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг боловсруулсан байна.

Аялагчдад таатай орчин бүрдүүлэх зорилгоор Ардын хувьсгалын түүхэн дурсгалт газруудад байрлах Сэлэмт хөшөө, Дөрвөлжин сүмийн туурийн хөшөө, Бүрээчийн хөшөө, Д.Сүхбаатар хөшөө, Ардын журамт цэргийн зэрэг дурсгалын хөшөөнүүдийг сэргээн засварлажээ.


Мөн аялагч, жуулчид ихээр очдог аймгийн төв Сүхбаатар сум дахь "Гэрэлт цогцолбор"-ын шат, бетонон талбайг тэгшилж, гадна фасадыг уран зургаар сэргээн засварлаж, 750 нарс мод тарьсан байна.

Түүнчлэн аялал жуулчлалын гол зам дагуу ногоон байгууламжуудыг нэмэгдүүлж, Сүхбаатар хаалга, Шаамар сумын Ээж мод, Алтанбулаг сумын “Хоёр элс” орчимд сүүдрэвч, эко бие засах цэг байгуулж, тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлжээ. 


Related news