ДАРХАН-УУЛ: Халагдсан дайчид уул уурхайн мэргэжлээр нэг жил үнэ төлбөргүй суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн татлага өнгөрсөн долоо хоногт болсон. Үзлэгт тэнцсэн залуусыг цэргийн албанд үдэн гаргах, 2023 оны нэгдүгээр ээлжээр халагдсан цэргүүдээ угтан авах үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, цэргийн штабаас анх удаа хамтатган зохион байгууллаа.
Нэгдсэн үйл ажиллагааны онцлох агшин нь цэргийн жинхэнэ албаас халагдаж ирсэн дайчдад аймгийн Засаг дарга Б.Азжаргал баяр хүргэн Дархан-Уул аймгийн уул уурхай, политехникийн коллежид нэг жил үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардуулахын зэрэгцээ элсэн суралцах сургуулийнх нь үйл ажиллагаатай танилцуулж мэргэжлээ сонгоход нь ойртууллаа.
"Дархан-50" цогцолборт болсон угтан авах, үдэн гаргах нэгдсэн үйл ажиллагааны үеэр Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчид гардан тулааны үзүүлбэр үзүүлж, Залуучууд театрын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээс толилууллаа.
Түүнчлэн цэргийн албанд мөрдөж буй залуусаа үдэн гаргахдаа маш сайн зохион байгуулалттай, эцэг, эх, эхнэр, үр хүүхэд найз нөхөдтэйгээ нэг өдрийн дурсамж бүтээхэд дэмжин ажилладаг орон нутгийн удирдлагууд, цэргийн штабын хамт олонд цэргийн жинхэнэ албанд мөрдөж буй залуусын гэр бүл талархалтай байлаа.