Иргэний агаарын тээвэр дэх өөрчлөлт

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-05-25 16:02:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын эдийн засаг 2023 оны нэгдүгээр улиралд 7,9 хувь өссөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Улсын валютын нөөц 3,8 тэрбумд хүрлээ, цаашид тогтворжино гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгджээ. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал цар тахлын өмнөх үе буюу 2019 оны түвшинд хүрч байгаа юм байна. Харин:

  • Уул уурхай,
  • Тээвэр, логистик,
  • Барилгын гэсэн гурван салбар тухайн үеийн түвшинд хараахан хүрээгүй байгаа аж. 

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хоцрогдолтой байгаа салбаруудыг хэвийн байдалд хүргэх боломжтой болжээ. Эдийн засгийн үзүүлэлтүүд нь сэргэж өгөхгүй байгаа зарим салбарыг сэргээх талаар Засгийн газрын өчигдөр /2023-5-24/-ийн хуралдаанаар тодорхой шийдвэрүүдийг гаргажээ.Тэдгээрээс дотоодын иргэний агаарын тээврийг сэргээх шийдвэр гарсан талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлжээ.


Монгол Улсын хэмжээнд Баян-Өлгий, Ховд аймагт хоёр аж ахуйн нэгж нислэг үйлддэг. Тэдгээр аж ахуйн нэгжийн эдийн засгийн хүчин чадал тааруу байгаагаас нислэгийн тасалбарын үнэ өндөр байгаа аж. Тухайлбал, Баян-Өлгий аймаг руу нэг иргэн хоёр талдаа явах нислэгийн тасалбар 1,6 сая төгрөгийн үнэтэй байна. Нэг удаагийн нислэгийн тасалбар өндөр байгаа нь тухайн аймаг, бүс нутагт амьдарч байгаа иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байгаа гэж Засгийн газар үзжээ. Тиймээс тасалбарын үнийг бууруулж, 2023 оны 7 дугаар сарын 1-ээс 600-650 мянга болгох юм байна. Ийм хямдралыг иргэний агаарын тээвэрт бий болгохын тулд дотоодын нислэгт үндэсний агаарын тээврийн МИАТ компанийг нийгмийн хариуцлагын хүрээнд татан оролцуулахаар болжээ.


Үүний тулд тус компанид улсын навигацын орлогоос 8 тэрбум төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон байна. Энэ мөнгөн дэмжлэгээр МИАТ компани гаднаас 75 хүний суудалтай онгоц нойтон түрээс /экипажтай нь авах/-ээр авч, он дуустал дотоодын буюу 9 аймагт нислэг үйлдэх нөхцөл бүрдэнэ. Дотоодын нислэгийг ийн сэргээх нь иргэдэд төдийгүй гадаадаас Монголд аялахаар ирсэн жуулчдад ч эерэг нөлөө үзүүлнэ гэж Засгийн газар тооцжээ. Тэгээд ч ийм арга хэмжээ авч буй нь 2023, 2024, 2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбоотой биз ээ. МИАТ компани орон нутагт нислэг үйлдсэнээр одоо тогтмол нислэгтэй 2-3 аймаг 12 болж хүрээгээ тэлнэ. Тус компанийн хувьд нислэгээрээ ашиг олохгүй. Мөн нэг удаагийн дэмжлэг олгосноор алдагдалд орохгүй гэсэн тооцоо гарчээ.


ИНЕГ 2022 оны байдлаар салбартаа 370 орчим мэргэжилтэн бэлтгэхийн тулд 28 сая ам.доллар зарцуулсан байх юм. Гадаадын их, дээд сургуульд бэлтгэгдсэн мэргэжилтнүүд салбартаа ажиллаж хүчээ өгч байгаа олон тохиолдол байгаа. Түүний хажуугаар “гуя дагаж хүзүү” гэгчээр ашиг сонирхол нэг /танил тал, ах, дүү төрөл төрөгсдөө/-тэй хүмүүсээ ИНЕГ /татвар төлөгчид/-ийн мөнгөөр сургасан тохиолдол байгаа. Ийм учраас Иргэний агаарын тээврийн салбарт өнгөрсөн хугацаанд бэлтгэгдсэн 370 орчим хүний нэр, эзэмшсэн мэргэжил, одоо хаана, ямар ажил хийж байгаа талаар олон нийтэд баасан гараг /2023-5-26/-т ил болгоно хэмээн Зам, тээврийн сайд хийсэн мэдээлэлдээ онцолсон байна.


Үүнээс гадна, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/ ХНХ яаманд харьяалагдаж байгаад БШУЯ-ны харьяанд шилжжээ. Мэргэжлийн яам МСҮТ-ийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхөөр болсон байна. Сайн мэргэжилтэн бэлтгэх зорилго бүхий боловсролын тогтолцоо өнгөрсөн /социалист/ нийгэмд мэргэжилтэн бэлтгэж байсан Техник мэргэжлийн сургууль /ТМС/-тай ижил түвшинд нийгэмд ойлгогдох болсон тул материаллаг бааз, сургалтын тогтолцоонд нь өөрчлөлт оруулах эрх зүйн орчин бүрдүүлэхээр болжээ. МСҮТ-ийг ерөнхий боловсролын ахлах сургуулийн тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр мэргэжилтэн бэлтгэх хуучин МСҮТ-ийн тогтолцоо өөрчлөгдөнө. Энэ шинэчлэлийн хүрээнд мэргэжилтэнд хандах нийгмийн хандлага, түүний сургаж бэлтгэдэг багш, боловсон хүний нөөц, сургалтын бааз шинэ шатанд гарна. Улмаар тусгайлан бэлтгэгдсэн /сонгож эзэмшсэн техникийн мэргэжлээр/ сурагч цаашдаа дээд боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан гэж БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хийсэн мэдээлэлдээ дурджээ.


Ер нь хуучин ТМС, одоо МСҮТ-д мэргэжил эзэмших нь хүний нэр хүндийг унагасан үйлдэл байсан гэдэг нь юу бол. Харин энэ талаар нийгэмд нэгдсэн ойлголт бий болж төлөвшөөгүй нь үнэн биз ээ. Гэхдээ олгосон мэргэжил, эзэмшсэн хүндээ байгаа юм биш. Харин мэргэжилтний авдаг цалин доогуур, үнэлгээ муу байсан өнгөрсөн /социалист/ нийгмийн тогтолцооноос гарч ирсэн гажгаас үүдэлтэй. Нэг үгээр хэлбэл, бүтээгч /үйлдвэрлэгч/-ийг хийсэн, бүтээсэнтэй нь дүйцүүлж үнэлж чадаагүйтэй холбоотой. Монгол Улсад одоо ч энэ байдал арилаагүй, дээд албан тушаалтан өндөр цалинтай, үйлдвэрлэгч буюу бүтээгч доогуур цалинтай байгаа нь бодит үнэн. Сайн мэргэжилтэн /бүтээгчид/-д өндөр цалин өгдөг тогтолцоог бүрдүүлээгүй нөхцөлд техник /нарийн/-ийн мэргэжилтэн бэлтгэх боловсролын тогтолцоог яаж ч өөрчлөөд өнгөрсөн хугацаанд /60 жил/ алдагдсан ТМС /МСҮТ/-ийг сайруулж, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх нь эргэлзээтэй. Хүнийг, мэргэжилтнийг хийж бүтээсэнтэй нь дүйцүүлж төр засаг, аж ахуйн нэгж хэзээ үнэлдэг болно, тэр цагт харин энэ гажиг өөрөө алга болно. Засгийн газар дээрх шийдвэрийг гаргахдаа харах ёстой байсан өнцөг нь энэ байсан бус уу.

Related news