Аялал жуулчлалыг сурталчлах хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар тохирлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-27 08:54:36
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабын Хаант Улсын Аялал жуулчлалын дэд сайд, Эрхэм дээд Гүнж Хаифа бинт Мухаммад Аль-Сауд-тай 5 дугаар сарын 25-ны өдөр уулзав.


Уулзалтын эхэнд Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 онд “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улс болон Саудын Арабын Хаант Улс хоорондын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.


Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүдийн хооронд холбоо тогтоож, аялал жуулчлалыг сурталчлах хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар тохиров.


Мөн Сайд Б.Батцэцэг хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шууд нислэгтэй болохын чухлыг тэмдэглэж, цаашид Монгол Улс, Саудын Арабын Хаант Улсын хооронд агаарын хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллахыг санал болгов.


Түүнчлэн Cайд Б.Батцэцэг Эрхэм дээд Гүнж Хаифа бинт Мухаммад Аль-Сауд-тай Хааны гэр бүлийн гишүүнийх нь хувьд хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монгол Улсад халал аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнийг Саудын Арабын Хаант Улсад нийлүүлэх боломжийн талаар санал солилцов.


Аялал жуулчлалын дэд сайд, Эрхэм дээд Гүнж Хаифа бинт Мухаммад Аль-Сауд Монгол Улстай аялал жуулчлал төдийгүй соёлын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг тэмдэглээд, өөрийн зүгээс бүхий л дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.


Аялал жуулчлалын хамтын ажиллагааны хүрээнд Саудын Арабын мотоспортын холбооны гишүүд энэ зун Монгол Улсад аялах сонирхлоо илэрхийлсэн байна.



Related news