ХЭНТИЙ: "Соёлын сэргэлт-2023" аяны нээлт Дархан суманд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-06-21 15:44:40

Дархан /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Дархан суманд “Соёлын сэргэлт-2023” аяны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.


Тус аяны хүрээнд Монгол Улсын Үндэсний номын сангийн менежер С.Чулуунпүрэв “Үндэсний үнэт зүйл: Монгол хэл, бичиг, соёл” сэдэвт илтгэл, Соёлын өвийн Үндэсний төвийн шинжээч Б.Эрдэнэсувд “Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” сэдвээр чадавхжуулах сургалт тус тус зохион байгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөв.


Мөн энэ үеэр МУСТА дуучин Г.Чинболор, Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид, сумын Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн Тэмүүлэл хамтлагийн сурагчид, “Ахмадын цуурай” хамтлагийн хөгжимчид тус тус мэндчилгээ дэвшүүлж олны сонорыг баясгалаа. 


Түүнчлэн “Бурхан Халдун Виртуал аялал” гэрэл зургийн үзэсгэлэн, Хэнтий аймгийн Дархан сумын харьяат нэрт яруу найрагч Р.Чойномын уран бүтээлийн үзэсгэлэн, шүлгийн ишлэлүүдийн “Монгол уран бичлэг”-ийн үзэсгэлэн, сумын иргэн Л.Шагдарсүрэнгийн цуглуулга болох 2000 гаруй марк, зоосон тэмдэгтийн үзэсгэлэн, МУСТА кино механикч Г.Юндэнгийн соёлын олон талт үйл ажиллагаанд хэрэглэж байсан 70,80-аад оны техник хэрэгслийн үзэсгэлэн, Нутгийн иргэдийн гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнг тус тус дэлгэлээ.

Төгсгөлд нь кино урлагийн хөгжлийн түүхийг өгүүлсэн хуучны хальсны кино аппаратаар “Соёлын үйлчилгээ” баримтат киног олон нийтэд толилуулав.


Related news