ЗАВХАН: Аймгийн начин Х.Болдбаатар арслан цол хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-07-13 11:59:54

Улиастай/МОНЦАМЭ/. Аймгийн цол олгох 256 бөхийн барилдаан болж Баянтэс сумын харьяат аймгийн начин Х.Болдбаатар түрүүлж аймгийн арслан цол хүртлээ. Завхан аймаг түүхт 100 жилийн ойн баяр наадмыг энэ сарын 26-аас 28-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. 


Тиймээс үндэсний их баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглээгүй.  

Харин Засгийн газрын шийдвэрийн дагуу, Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Сүхбаатарын одонт Завхан аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн цол олгох 256 бөхийн барилдааныг зохион байгууллаа.


Алдархаан сумын Бор толгой хэмээх газарт аймгийн цол олгох 256 бөхийн барилдааныг амжилттай зохион байгууллаа.

Барилдаанд, улсын харцага М.Дармаабазар, улсын начин Г.Бат-Амгалан, улсын өсөх идэр начин Ж.Оргил, улсын начин Г.Баасандорж нар ирж зодоглолоо.

Мөн аймгийн арслан цолтой зургаа, аймгийн заан цолтой дөрөв, аймгийн харцага цолтой дөрвөн бөх барилдлаа. Түүнчлэн аймгийн начин цолтой 33, сумын цолтой 50 гаруй бөх барилдсанаас Баянтэс сумын харьяат аймгийн начин Х.Болдбаатар түрүүлж аймгийн арслан цолыг хүртлээ.


Харин Отгон сумын харьяат аймгийн начин М.Лувсандорж үзүүрлэн аймгийн заан цолны болзол хангаж, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяраас цолны үнэмлэх, тэмдгээ гардан авлаа.


Харин аймгийн харцага цолны болзлыг Алдархаан сумын харьяат сумын заан Д.Доржсүрэн, Баянтэс сумын харьяат сумын заан Б.Ренчинжүгдэр нар, аймгийн нэмэх начны чимгийг Сонгино сумын харьяат аймгийн начин Б.Ганзолбоо, аймгийн начин цолны болзлыг Завханмандал сумын харьяат сумын заан Б.Жигжидсүрэн, Цэцэн-Уул сумын харьяат сумын заан Б.Бямбадорж, Баянхайрхан сумын харьяат залуу бөх Б.Сундуйжав нар тус тус хангаж, бөх сонирхогчдоо баярлууллаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Related news