А.Авдал: Цалин тоолж авахгүй ч ”ой мод” ашгаа өгдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-06 13:52:11

Социализмын үед коммунист субботникоор 1980 оны үед  ховдынхны байгуулсан ойн бүс хувьчлалын үед хэд хэдэн хүний гар дамжиж ирсэн юм. Хамгийн сүүлд "Ховд ой ан интернэшнль" ХХК байгуулж Д.Жүгдэрбарам 2000 онд  худалдаж авчээ.

Гучин жилийн өмнөх Ховд аймгийн Оцон чулуун хэмээх нэгэн домогт хадыг тойрон хүрээлсэн энэ ойн бүс төрөл бүрийн ан амьтан, шувууд чуулдаг хээрийн амгалан тайван ойн бүсийг санагдуулна.

Тус ойн бүсэд манаачаар ажилладаг аймгийн аварга ногоочин А.Авдал тус компаниас цалин мөнгө гар дээрээ авдаггүй. Би энэ ойн бүс дотор ногоо тарьж, хадлан хадаж, хэдэн үхэр тэжээж ашиг шимийг нь хүртээд миний амьдрал болоод байдаг хэмээн ярьж байна.

Хамгийн сонирхолтой нь  Оцон чулуу гэж Ховдынхны нэрлэж ирсэн  өвөрмөц тогтоцтой хадан чулуу Галданбошигт хаан дайтаж явах үедээ энэ чулуун дээр үдлээд буцсан гэж яригддаг. Харин одоо хурга тэвэрсэн ногоон дээлтэй охины хөшөө байна. Охины хөшөө Оцон чулуу хад эм савдагтайг болохыг гэрчилж ийн хөшөө босгожээ.

Энэ домогт хадыг тойрон хүрээлж тарьсан ойн бүс нам гүм амар амгалан. Ой дотор үрэл, чацаргана, хайлаас, шар хуайс, улиас, бургас зэрэг 10 гаруй төрлийн мод битүү шугуй болтлоо багсайн ургажээ.

Хээрийн амьтад чоно, үнэг, туулай зочлох дуртай, цэн тогоруу, галуу, төрөл бүрийн шувууд ирдэг яг л  байгалийн ойн шугуйтай адил. Бас хагас метр орчим урт том  цоохор эрээн урт хайрхан /могой/ ч бий гэнэ.

"Ховд ой ан интернэшнль" ХХК-ны гүйцэтгэх захирал Д.Чимэдцэрэн “ Манай ойн бүс хотын төвд гоёлын шар хуйс, хайлаас,цэцэг үнэгүй тарьсан. Зарим сумдад мод нийлүүлдэг, Ховд хотын угталтын зам Модон овоод 2000 бургас, улиас тарьсан. Манайх 10-аад ажилчинтай. Хамгийн том бэрхшээл жилдээ газрын татварт 1,2 сая төгрөг төлдөг” гэж байлаа.

Цэвэр агаар үйлдвэрлэж буй тус ойн бүсийн ажилчид нь хүнсний ногоо тарьж, өвс хадаж ашгаа олдог, ургасан дэрсийг нь шүүр хийж зардаг хүмүүст бэлэглэдэг. Ингээд бодохоор ой модыг усалж арчилж ургуулж хайрласан бүхэн эндээс хишиг хүртэж байна.

Байгалийн сайханд татагдан ой дотор  орж тухлах дуртай хүмүүс олширсон.Шувуу судлаачид,гадна дотны зочид тэнд амарч үдлэх дуртай гэнэ.

Ой ан интернэшнль ХХК-ны гүйцэтгэх захирал Д.Чимэдцэрэн” Тэтгэврийн дэвтрээ банкны барьцаанд тавьчихсан. Нэг өрөө байраа зарчихаад аялал жуулчлалын бааз болгон  ойн аж ахуйгаа өөд татаж хөгжүүлнэ” гэж байгаа нь оройтож байгаа мэт санагдавч тус ойн бүс арав бүү хэл түүнээс ч олон хүнийг насаар нь тэжээх их баялаг нуугдаж байна.

              А.Бямбасүрэн

Related news
Comments