ДАРХАН-УУЛ: Гүүрэн гарцтай болох сурагчдын хүсэл биеллээ олно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-08-24 19:28:44

Дархан /МОНЦАМЭ/. Дархан хотод автозамын аюулгүй байдлыг хангах зорилготой  анхны гүүрэн гарцыг Оюуны-Ирээдүй цогцолборын дэргэд барих ажил эхлэх гэж буйг аймгийн засаг дарга өнөөдөр мэдэгдлээ. Барилгын ажлын явцад хүүхэд, багачууд түүгээр зорчиж буй иргэдийг анхаарал болгоомжтой байж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж, барилгын ажил хугацаандаа дуусах хүртэл хүлээцтэй байхыг хүслээ.




Тодруулбал Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ЕБ-ын сургуулиудаас хамгийн олон сурагчтай нь “Оюуны ирээдүй” цогцолбор юм. Хоёр урсгал, дөрвөн эгнээ автозамын хажууд сургуулийн А байр буюу дунд, ахлах ангийнхан суралцдаг. Гэрлэн дохио, явган хүний гарц, тэмдэглэгээтэй ч өдөр бүр айдастай байдаг, зарим жолооч дүрэм зөрчих ч тохиолдол гардаг учир эрсдэл өндөртэй гэж багш, сурагчид ярьдаг.  




Харин тус сургуулийн 12-5 ангийн сурагч Б.Тайванбат 2020 онд фотошоп программ ашиглан өөрийн болон сургуулийнхаа хүүхдүүдийн хүслийг зурагт буулгаж нийгмийн сүлжээнд тавьж байсан аж. Гүүрэн гарцтай болж айх айдасгүй сургуульдаа ирж, очих агуулгыг илэрхийлсэн уг зургийг бодит болгохоор орон нутгийн төсөвт зардлыг нь суулгаж шийдвэрлэжээ.




Уг гүүрэн гарцын зургийг бодит болгож төслийг дэмжиж орон нутгийн төсвөөр баталж өгсөн аймгийн ИТХ-ын нийт төлөөлөгчид болон есдүгээр багийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жавхлан, М.Батбаяр нарт багш сурагчид талархсанаа илэрхийлж байна.

 

 


Related news