Болц гүйцээгүй самар түүхийг хориглож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-08-25 10:35:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хушны самрыг болц гүйцээгүй үед түүхийг хориглож байна. Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-ноос дараа оны 2 дугаар сарын нэгний хооронд бэлтгэдэг.


Болц гүйцээгүй самар түүж, их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэх нь ой хортон шавжинд нэрвэгдэх, экосистемийн тэнцвэр алдагдахад хүрч улмаар самраар хооллогч шувуу, мэрэгчид, амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлнө. Болц гүйцээгүй боргоцой нь давирхай ихтэй тул модны гол ишийг мунаар цохиж самрыг унагаах нь гол ишийг гэмтээх, хатаах, модлогийн хортон үүрлэх, давирхай их хэмжээгээр гоожих зэрэг сөрөг үр дагавартай юм.


ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын салбар нийслэлийн ногоон бүсийн хушин ойн төлөв байдлыг 2020 онд үнэлэхэд, ойн моддын 60 гаруй хувь нь өсөлт саарч байгаа, 30 гаруй хувь нь өсөлт нь зогсож доройтож байгаа ангилалд хамаарагджээ.



Түүнчлэн, иргэн ахуйн нөхцөлд самрыг гараараа цөмж иддэгээс давирхайтай самар нян үүсгэх нөхцөл бүрдүүлдэг. Учир нь давирхайн дээр эргэн тойрон дахь тоос, шороо элдэв бохирдол наалдсаныг иддэг гэсэн үг. Үүний улмаас халдварт шар, гэдэсний бусад хурц халдварт өвчнүүд үүсэх аюултай. Иймд зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд холбогдох хууль, журмын дагуу арга хэмжээ авах тул хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг нийслэлийн Байгаль орчны газраас анхаарууллаа.


Монгол орны ой сан бүхий нутаг дэвсгэрийн 7 хувийг эзэлдэг хуш нь эх газрын хатуу уур амьсгалд зохицсон хүйтэнд тэсвэртэй, 20-25 метр хүртэл өндөр, бүдүүнээрээ 40 см хүрч урган, шилмүүсээ 3-6 жилд сольж гүвнэ. Болц гүйцсэн боргоцой нь 10 дугаар сараас эхлэн газарт унаж эхэлдэг аж. 

Related news