Есдүгээр сард ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-08-29 09:44:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД (олон жилийн дундаж)-аас дулаан, өдөр шөнийн температурын хэлбэлзэл их буюу шөнөдөө сэрүүхэн хонож, өдөртөө дулаан байх төлөвтэй байна.


Хур тунадасны хувьд сарын эхээр баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр, цаашид ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж болзошгүй. Сарын нийлбэр тунадасны хувьд баруун аймгуудын нутгаар ОЖД–аас бага, нутгийн зүүн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.


Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хагаст олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн хур тунадас орох төлөвтэй. Дээрх үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж болзошгүй.


Төвийн аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур энэ сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж болзошгүй. Дээрх үеүдэд салхи зарим газраар 10-12 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.


Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсэж, зарим газраар 12-16 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж болзошгүй.


Говийн аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур энэ сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар бороо, зарим газраар хур тунадас орох төлөвтэй байна. Салхи зарим газраар 16-18 м/с, зарим үед түр зуур 20-24 м/с хүрч ширүүсэж болзошгүйг ЦУОШГ-аас мэдээлэв.

Related news