ӨВӨРХАНГАЙ: Ч.Сэрчмаа: Хэн нарийн мэргэжлийн эмчид хандах вэ гэдгийг хувь хүн өөрөө биш, эмч нь мэддэг байх ёстой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр /МОНЦАМЭ/. Засгийн газрын 8 дугаар тогтоолоор 13А маягтыг анхан шатны эмнэлгээс лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага руу цахимаар илгээх шинэчлэл өнгөрөгч сараас эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор өрхийн эмнэлэгт ачаалал хэр байгааг тодруулахаар Арвайхээр сумын “Уян сэтгэл” өрхийн ЭМТ-ийн дарга, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч Ч.Сэрчмаатай уулзаж ярилцлаа.
-“Уян сэтгэл” эмнэлэг нь энэ жил орон нутгаас анх удаа “Улсын тэргүүний өрхийн Эрүүл мэндийн төв”-өөр шалгарсан. Энэ амжилтад хүргэсэн үйл ажиллагааных нь талаар эхлээд тодруулья.
-Өрхийн Эрүүл мэндийн төв нь жил бүр сумын Засаг дарга, Эрүүл мэндийн газрын даргатай гурвалсан гэрээ байгуулж ажилладаг. Энэ гэрээний хэрэгжилтэд манай эмнэлэг гурван жил дараалан хангалтгүй үнэлгээ үзүүлсэн учраас эрс шинэчлэл хийж, хөл дээр нь босгох зорилго тавиад хамт олноороо маш их хичээл зүтгэл гаргаж ажилласан.
Эхний ээлжид эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэхийн тулд юуг хийх ёстой вэ, иргэдийн хэрэгцээ, шаардлага юу байна вэ гэдгийг тодорхойлж, орчин нөхцөлөө сайжруулах, хүний нөөцөө бэлдэх, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангах, стандартын дагуу үйл ажиллагаа явуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн.
Ингээд Эрүүл мэндийн газраас зарласан тендерт орж шалгараад гэрээний биелэлтээр дараалан хангалттай дүн авч, өрх, гэр бүлийн гишүүн бүрийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс сэргийлж, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх олон улсын ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог амжилттай хэрэгжүүлснээр 2023 оны 3 дгаар сарын 31-ний өдөр нийслэл, аймаг, сум дүүргийн 203 өрхийн эрүүл мэндийн төвөөс үйл ажиллагаагаараа тэргүүлж “Улсын тэргүүний өрхийн Эрүүл мэндийн төв”-өөр шалгарсан.
-Танай эмнэлэгт хэдэн багийн айл өрхүүд харьяалагддаг вэ, эмч, боловсон хүчин хангалттай юу? Ямар ямар чиглэлээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна?
-Арвайхээр сумын 1, 2, 9, 12 дугаар багийн 9906 иргэнд эрүүл мэндийн тусламж
үйлчилгээг хүргэж байна. Өдөрт дунджаар 30 орчим хүн ирж, эрүүл мэндийн
үйлчилгээ авдаг. Манай эмнэлэг нийт 22
орон тоотой, үүнээс дөрвөн эмч, дөрвөн сувилагч ажилладаг. Нэг эмчид 1800-2000
иргэн оногддог.
Манайд харьяаны багууд онцлогтой. Өөрөөр хэлбэл, Арвайхээрийнхээ захын гэр хорооллын айл өрхүүд ихтэй, тэр дотроо мал маллаж байгаад төв суурин газар ажил хөдөлмөр эрхлэхээр шилжиж ирсэн айлууд, мөн ахмад настнууд олонтой учраас зайлшгүй хүрч очиж, тулж ажиллах шаардлага үүсдэг.
Хүн
ардаа ямар нэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг
сайжруулахын тулд нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгоход түлхүү анхаарч
ажиллаж байна. Тухайлбал, цахим сүлжээ ашиглан видео хэлбэрээр мэдээлэл,
зөвлөгөөг хүргэж байна. Цуврал ном, гарын авлага хэвлүүлж, айл өрхүүдэд тарааж
байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хамгийн эхэнд байх ёстой.
Эмчилгээ,
сувилгааны хувьд өдрийн эмчилгээ, сувилахуй, оношилгоо, сэргээн засах тусламж
үйлчилгээг даатгалаас санхүүжүүлэн хүргэдэг. Өдрийн эмчилгээ магадлан
итгэмжлэгдсэн. Хүүхэд, эмэгтэйчүүд, уламжлалтын нарийн мэргэжлийн эмч нар болон
мэргэжлийн лаборант ажилладаг.
Тоног төхөөрөмжийн хувьд хагас автомат анализатор, цус, биохими, шээсний лабораторийг нэмж авснаар нотолгоонд суурилсан үзлэг, шинжилгээг хийж, баталгаатай онош тавьж, иргэдийн сэтгэл ханамж сайн байгаа.
-Лавлагаа шатны эмнэлэгт үзүүлэхийн тулд өрхийн эмнэлгээсээ А13 маягт авдаг болсноор ачаалал нэмэгдэж байна уу?
-Өрхийн эмнэлэг ард иргэдээ хамгийн ойрхон, анхан шатны тусламж үзүүлдэг байгууллага юм. Суурь тусламж үйлчилгээг зөв, чанартай үзүүлж, шаардлагатай хүмүүсийг 2, 3 дугаар шатлалын эмнэлэгт явуулах чиг үүрэгтэй. А13 маягтыг өрхийн эмнэлгээс авснаар анхан шатанд “хаалга баригч”-ийнхаа ажлыг жинхэнэ гүйцэтгэж, БОЭТ нь хоёрдугаар шатлалынхаа эмчилгээг үзүүлэх ёстой юм.
Гэтэл
иргэд маань нарийн мэргэжлийн эмчид, тэр тусмаа гаднаас ирсэн эмчид үзүүлэх
сонирхолтой байдаг. Хэн нарийн мэргэжлийн эмчид хандах вэ гэдгийг хувь хүн
өөрөө биш, эмч нь мэддэг байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас бид
орж ирсэн хүн бүрд А13 маягтыг илгээхгүй, лавлагаа шатны эмнэлэгт үзүүлэх
шаардлагатай хүмүүст л хийж өгнө.
Ямар
нэг ажлын шинэ эхлэлд дасан зохицох асуудал тулгардаг шүү дээ. А13 маягтыг өрхийн
ЭМТ-өөс цахимаар олгож байгаад дасан зохицох хүртлээ эмч мэргэжилтнүүд,
иргэдийн дунд үл ойлголцол нэлээн л гарах юм шиг байна. Энэ шийдвэр хэрэгжээд
сар гаруй болж байгаа. Энэ хугацаанд илэрсэн алдаа, оноонд тулгуурлаад Эрүүл
мэндийн яам дахин хэлэлцэж, ярилцах юм билээ.
Энд нэмж хэлэхэд бид дээд шатлалын эмнэлэг рүү өвчтөнд 13А маягт бичээд илгээж байна. Тэгвэл дээд шатлалын эмнэлгээс тухайн өвчтөн нь анхан шатны эмчийн хяналтад байх эсэх талаар буцаагаад 13Б маягтыг бидэнд илгээж байх ёстой юм.
Энэ тогтолцоогоо хэрэгжүүлж, ажлын
уялдаа холбоог сайжруулж байж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар
хүртээмж сайжирна.
-Улсын тэргүүний өрхийн эмнэлэг болсон учраас бусад
ӨЭМТ-өөс туршлага судлах, хамтран ажиллах санал ирж байна уу?
-Улаанбаатар хотын гурав, Дорноговь аймгийн нэг эмнэлгээс манай эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан санал солилцсон.
Ер нь заавал шилдэг, тэргүүний эмнэлэг
гэлтгүйгээр байгууллага бүр өөр өөрийн онцлогтой, удирдлага бүр өөр арга
менежменттэй учраас бусад эмнэлгийнхээ үйл ажиллагаатай танилцах, цаашлаад
гадаадын өрхийн эмнэлэгтэй харилцаа холбоо тогтоох чиглэлээр судлах, санал
тавих ажлыг төлөвлөгөөндөө тусгаад ажиллаж байна.
Манай аймгийн хэмжээнд Арвайхээрт гурав, Хархоринд нэг өрхийн ЭМТ үйл ажиллагаа явуулдаг. Арвайхээр сумын Засаг дарга, аймгийн ЭМГ-аас өрхийн эмнэлгээ нэлээдгүй дэмжиж ажилладаг юм. Одоогоор ЭМГ-аас өрхийн эмнэлгийн сувилагчдыг БНСУ улсад тодорхой хоногоор сургах бэлтгэл ажлыг хангаж байгаа юм билээ. Манайхыг улсдаа амжилттай үнэлүүлсэнд шагнал болгож, нэг сувилагчийг маань БНСУ-д сургахаар болсонд баяртай байна.
Анх 20 гаруй жилийн өмнө БОЭТ-ийн хүүхдийн тасагт суурилан өрхийн эмнэлгийг байгуулж байсан юм. Тэр үед би БОЭТ-ийн Хүүхдийн эмнэлгийн хэсгийн эмчээр ажилладаг байсан. Зарим нарийн мэргэжлийн эмчтэйгээ нийлээд 20 гаруй эмч бүгд нэг өрөөнд задгай суудаг.
Эмч, сувилагч нь дундаа нэг ширээ, хоёр сандалтай. Нэг нэгнээ давж чанга ярьж, өвчтөндөө зөвлөгөө өгөх гээд зөгий шиг дүнгэнэлддэг, тийм байдалтайгаар эмчилгээ, сувилгаа хийдэг байлаа. Энэ 20 гаруй жилийн хугацаанд өрхийн ЭМТ үе шаттайгаар хөгжиж, хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх нөхцөл боломж бүрдэж байна.
-Мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа. Эрүүлийг хамгаалах
ажилд нь амжилт хүсье.