ГОВЬ-АЛТАЙ: "Хамтдаа шалгая, хамгаалъя” аяныг өрнүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-10-26 11:16:03

Есөнбулаг 2023 оны 10 дугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Хүүхдийг ахуйн осол гэмтэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны эрсдэлийг бууруулах “Хамтдаа шалгая, хамгаалъя” аян өрнөж эхэллээ.


Гэмтэл согог судлалын үндэсний төвд сүүлийн гурван жилийн хугацаанд ахуйн хүрээнд буюу гэртээ гэмтэж бэртсэн 157 мянган хүүхэд бүртгэгдсэн бол 2022 онд 17 хүртэлх насны 61016 хүүхэд осол гэмтэлд өртөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Иймд хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоо нэн чухал байгаа юм.  


Тиймээс “Хамтдаа шалгая, хамгаалъя” аяныг өнөөдрөөс нэг сарын хугацаанд эцэг эх, асран хамгаалагч, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотойгоор орон даяар зохион байгуулж, хүүхдийн эрүүл орчинд амьдрах эрхийг хангахыг зорьж байгаа тухай Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас мэдээлэв.


Аяны хүрээнд эцэг, эх, асран хамгаалагч, байгууллага, аж ахуй нэгжүүд дараах байдлаар амьдрах газар, орчиндоо аюулгүй байдлын үнэлгээ хийж, орчны эрсдэлийг бууруулах, арилгах арга хэмжээ авах аж. Тухайлбал,


1. Амьдарч буй орчин, оршин суугаа газрын аюулгүй байдлын үнэлгээ хийхдээ:

- Хашаа, байр, гудамж, орцонд гэрэлтүүлэг байгаа эсэх

- Байрны шат, тагт, цонхны хаалт бүрэн бүтэн эсэх

- Байрны лифтний үйл ажиллагаа, хаалга аюулгүй эсэх

- Нүхэн жорлон, муу усны нүх, ухаж үлдээсэн зоорь байгаа эсэх

- Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал хэвийн эсэх

- Ил задгай гарсан цахилгааны утас байгаа эсэх 

- Байр, хашааны хэсэгт нурж унахаар хашлага хайс, хана байгаа эсэх 

- Гэрийн тэжээвэр амьтад болох муур, нохой зэрэгт хазуулах эрсдэл өндөр хэсэг байгаа эсэх 

- Өндрөөс унаж болзошгүй эд зүйлс байгаа эсэхийг шалгана.


2. Хүүхдийн гэрээс сургууль, цэцэрлэг хүрэх зам, орны аюулгүй байдалд үнэлгээ хийхдээ: 

- Явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээтэй эсэх

- Халтиргаа гулгаатай зам байгаа эсэх

- Явган хүн зорчих хэсэгт ухсан нүх, шуудуу байгаа эсэх

- Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх

- Сургуулийн орчны талбай хайс хашлага бүрэн бүтэн эсэх

- Явган хүний зам дээр авто машин байрлуулсан эсэх

- Ил гарсан цахилгааны галтай утас байгаа эсэхийг шалгана. 


3. Тухайн орон нутгийн аж ахуй, нэгжүүд өөрт хамаарах гадаад болон дотоод орчинд үнэлгээ хийхдээ: 

- Байгууллагын гадаад болон дотоод орчин гэрэлтүүлэгтэй эсэх

- Байгууллагын шат, цонхны хаалт бүрэн бүтэн эсэх

- Байгууллагын лифтний үйл ажиллагаа, хаалга аюулгүй эсэх

- Ил задгай гарсан цахилгааны утас, эвдэрсэн залгуур байгаа эсэх

- Байгууллагын гаднах орчинд эвдэрсэн унаж болзошгүй хайс, хашлага, хана байгаа эсэх

- Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх

- Явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээтэй эсэх

- Байгууллагын гаднах талбайд халтиргаа гулгаатай хэсэг байгаа эсэх

- Явган хүний зам болон машин тавих хориотой хэсэгт машин байрлуулдаг эсэх

- Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх

- Өндрөөс унаж болзошгүй эд зүйлс байгаа эсэхийг шалгана.


Мөн эцэг эх, асран хамгаалагч, ард иргэдийг хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлд дээрх зөрчлүүд илэрвэл зураг болон видеогоор баримтжуулж орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар мэдээлэх мөн хүүхдийн аюулгүй орчинд үнэлгээ хийх явцад илэрсэн зөрчлийг засаж сайжруулсан мэдээллийг байгууллагын цахим хуудсандаа нийтэлж олон нийтийг уриалахын холбогдох албанаас танилцууллаа.

Related news