ГОВЬ-АЛТАЙ: “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд 60 гаруй ажил зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-09 10:22:05

Есөнбулаг, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/.  “Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн газраас 60 гаруй ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн тухай холбогдох албанаас мэдээллээ.


Соёлын яамнаас гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар”, “Соёлын орон зай” гэх мэт томоохон үйл ажиллагаанд Говь-Алтай аймаг нэгдэн орон нутгийн иргэдэд соёл урлагийн олон талт ажлыг хүргэж буй. “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд урлагийн тоглолт зохион байгуулах, хүүхэд залуучууд ялангуяа ахлан ангийн сурагчдад зориулсан тоглолтыг тусгайлан бэлтгэн хүргэсэн байна.


Тодруулбал, “Оршихуйн үлгэр” жүжгийг тэдэнд зориулан тоглож байгаа тухай Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн газрын дарга С.Цагаанбаатар танилцуулав. Ил жүжиг нь байгаль эхээ хамгаалах, байгаль хүн хоёрын харилцаа, хүмүүжлийн өндөр ач холбогдолтой гэдгийг онцлон хэлж байлаа. Түүнчлэн дээрх аяны хүрээнд музейн үзүүлэх үйлчилгээг иргэдэд хүргэхээр төлөвлөжээ. Ингэхдээ аймгийн музейгээс орон нутгийн иргэдэд зориулж түүх, соёлын агуулга бүхий үзмэрийн үзэсгэлэнг дэлгэх юм. 


Мөн соёлын салбарын алба хаагчид мэдлэг туршлагаа солилцох сургалтыг мөн хийх, зохиолч уншигчдын уулзалт хийж халуун дотно яриа өрнүүлэх, ном солилцох, уран бүтээлч залуус болон өв тээгчдийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор уралдаан тэмцээн гэх мэт 60 гаруй ажлыг “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.  


Сонирхуулахад, Говь-Алтай аймгийн соёл урлагийн салбарт 230 гаруй алба хаагч ажилладаг бол 600 гаруй соёлын биет бус өв тээгч бүртгэлтэй байдаг. 


Related news