ДАРХАН-УУЛ: Далан, шуудуунд хог хаягдал хийснээр эрсдэл үүсгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-02-19 13:42:08

Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дархан сумын зүүн хэсэг буюу арвантавдугаар багийн нутаг дэвсгэр шар усны үерт өртөх магадлал их байдаг. Тиймээс тухайн багийн нутаг дэвсгэрийг тойрсон үерийн далан, шуудууг жил бүр хүчитгэх, шинээр барих, сэргээн засварлах ажлууд хийдэг.


Монгол Улсын хамгийн их хүн ам оршин суудаг тус багийн айл, өрхийг болзошгүй эрсдэлээс хамгаалдаг үерийн далангийн нөхцөл байдалтай Дархан сумын Засаг даргын орлогч П.Ихбаяр, багийн засаг дарга Д.Түвшинтөр нарын албаны хүмүүс танилцаж байна.




Багийн засаг дарга Д.Түвшинтөр хэлэхдээ, Иргэд төвлөрсөн хогийн цэгт ахуйн хог хаягдлаа хаяхгүйгээр үерийн далан, шуудуунд үдэш, оройн цагаар хог асгаж байна. Энэ нь ус халих, айл өрхүүд рүү орох эрсдэлийг үүсгэдэг. Тиймээс хогийг зөвхөн зориулалтын төвлөрсөн цэгт хаяж байхыг анхааруулж, бусдадаа болзошгүй эрсдэлт нөхцөл бүү үүсгэ гэдгийг анхаарууллаа.




Иргэдийн хаясан хогийг багийн сангийн нөөц хөрөнгөөр цэвэрлэх, ачиж тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.




Дархан сумын Засаг даргын захирамжаар хөрсний уснаас үүссэн халиа тошин болон хаврын дулааралтын үед уулын гуу жалга, сайрын цас, мөс хайлж, уруйн үер үүсэхээс урьдчилан сэргийлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг, замын ус зайлуулах шугам сүлжээ, авто замын доогуурх усны шугамын ашиглалтын хэвийн ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг мэргэжлийн байгууллагууд болон багийн захиргаанд үүрэг болгожээ.


Ташрамд, 13 дугаар баг нь албан ёсны 9000 гаруй, албан бус 12 мянга гаруй хүн амтай. Нийт 1602 га газар нутагтай тус багт Ерөнхий боловсролын нэг сургууль, төрийн болон хувийн хэвшлийн СӨБ-ын гурван цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Related news