ДОРНОГОВЬ: Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд 128 бөх зодоглож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-03-18 14:28:36

Сайншанд, 2024 оны гуравдугаар сарын 18  /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойд зориулсан аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр Сайншанд хотын Спорт цогцолборт болж байна.


Аймгийн ЗДТГ, Цэргийн штабаас зохион байгуулж буй бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Болор-Эрдэнийн Номиндалай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн хурц арслан Төмөрбаатарын Пүрэвсүрэн, Дорноговь аймгийн Мандах сумын харьяат аймгийн хурц арслан Ёндонгийн Эрдэнэжаргал тэргүүтэй аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн төлөөлөл бүхий 128 бөх барилдаж байна.


Барилдааны үеэр Дорноговь аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын офицер, ахлагч цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид, ажилчид, ахмад дайчид азай буурлуудад аймгийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ.


Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Дорноговь аймгийн Цэргийн штабаас энэ жил цэрэг эх орныг магтан дуулсан телевизийн нэвтрүүлэг, спортын уралдаан тэмцээн, үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж байна.   


Related news