ДАРХАН-УУЛ: Агаарын бохирдлыг бууруулахад Ажил олгогч эздийн холбоо хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-21 17:40:31

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлыг бууруулахад аймгийн Ажил олгогч эздийн холбооноос шинэ санаачилга гарган ажиллаж байна. Орон нутгийн бодлого шийдвэртэй уялдуулан тус холбоо "Монисервис" ХХК-тай хамтран нүүрстөрөгчийн нунтгаар хэт улаан туяа үүсгэж хавтгай халаагуур нэвтрүүлэхээр ажиллаж байна.


Энэ хүрээнд өнөөдөр төрийн байгууллагуудын мэргэжилтнүүд болон багийн засаг дарга нарт мэдээлэл өглөө.




БНСУ-ын хамгийн сүүлийн үеийн шинэ дэвшилтэт технологийг Монголд нутагшуулахаар оруулж иржээ. Эхний туршилт Төв аймагт амжилттай хэрэгжсэн бол удаахыг Дархан-Уул аймагт танилцуулж байна.


Тухайн шалны халаалтыг монгол гэр болон хүлэмжид байрлуулж хэрэглэснээр эко халаалтын эх үүсвэртэй болохоос гадна эрчим хүчний хэмнэлттэй юм.


Дархан сумын хэмжээнд 2013 оноос хойш шинээр гэр хорооллын бүсэд газар олгоогүй. Учир нь агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг тэлэхгүй байх шийдвэрийг тухайн үеийн Дархан сумын засаг дарга гаргаж байсан юм.


Тиймээс одоо байгаа янданг цөөлөх, эрчим хүчинд хэмнэлттэй, эдийн засагт хүндрэл учруулахгүй, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ажлын эхлэлийг танилцууллаа гэж аймгийн Ажил олгогч эздийн холбооны дарга Д.Соёлтуяа мэдэгдлээ.




Цаашид хот төлөвлөлт болон эко барилга байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутгийн төрийн болон хувийн хэвшлийн иргэн, ААНБ-тай хамтран ажиллана гэв. Тодруулбал гэр хорооллын айл өрхүүд, хүлэмж, амины орон сууцны халаалтыг шийдвэрлэх боломжтой юм.


Ташрамд, хэт улаан туяа нь хүний нүдэнд харагдахгүй, цахилгаан соронзон долгион юм. Хэт улаан туяаг 1800 онд одон орон судлаач Ноён Вилиам Хершел олж нээсэн байдаг. Нарнаас дэлхийд ирэх эрчим хүчний талаас ихэнх  хэсэг нь хэт улаан туяа, 40 хувь нь үзэгдэх гэрэл, үлдсэн багахан хувь нь хэт ягаан туяа байдаг.

Шингээгдсэн болон ялгаруулсан хэт улаан туяаны харьцаа нь дэлхийн цаг агаарт маш чухал нөлөөлөл үзүүлдэг ажээ.

 

Related news