Булган аймгийн Баяннуур, Гурванбулаг сумын малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-03-27 14:19:50

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсад тулгарч буй зудын бэрхшээлийг даван туулах, хаваржилт хүндэрсэн орон нутгийн малчдад тусламж үзүүлэх зорилгоор Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачилсан “Малчдадаа тусалъя” аянд Гадаад харилцааны яам болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивласан юм.


Уг хандиваар 100 малчин өрхөд хүнс болон малын тэжээлийн багц бэлтгэсэн бөгөөд Гадаад харилцааны яам болон Монголын Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөл Булган аймгийн Баяннуур, Гурванбулаг сумын малчин өрхөд гардуулав. Булган аймгийн Баяннуур, Гурванбулаг суманд өвөлжилт хүндэрч, цагаан болон шилэн зуд нүүрлэж, 100 гаруй мянган мал хорогдсон байна.


Хүмүүнлэгийн тусламжаар олгосон малын тэжээлийн багцад орсон ашигт долооц, амин тос, туурай болон нүдний тос, загасны тос зэрэг нь туйлдаж ядарсан малыг тэнхрүүлэх, шим тэжээлээр хангахад ихээхэн дэмтэй гэж малчид ярилаа.

Related news