ОРХОН: Хаягдал цаас, үртсээр үйлдвэрлэсэн эко түлш эрэлттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-03-28 16:07:25
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хаягдал цаасыг үртэстэй хольж эко түлш үйлдвэрлэж буй “Агдир бүтэмж” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Тус компани 2022 онд байгуулагдаж 2023 оноос эхний бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаж эхэлжээ. Гэвч гарсан бүтээгдэхүүн нь хурдан хугацаанд дуусаад байсан тул үйлдвэрлэлээ өргөжүүлэх шаардлага гарсан байна. Энэ үед “Эрдэнэт” ШУТП-аас гарааны бизнесийг дэмжих чиглэлээр төслийн уралдаан зарлаж байжээ. Ингээд тус компани төслөө бичиж оролцсоноор хүүгүй, барьцаагүй, гурван жилийн дараагаас эргэн төлөх нөхцөлтэйгөөр 40 сая төгрөгийн  санхүүжилт авч чадсан байна. 


Тус үйлдвэр хоногт 4 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай ч одоогоор 2 тонныг үйлдвэрлэж байна. Хэрэв бүтэн хүчин чадлаараа ажиллавал Эрдэнэт хотын гэр хорооллын 17 мянган өрхийн түлшний хэрэгцээний 5 хувийг дангаараа бүрдүүлэх боломжтой гэнэ.

 

Түлшний шатах хугацаа, дулаан ялгаруулах чадвар нь нүүрстэй ижил бөгөөд үнийн хувьд нэг шуудай нүүрснээс дунджаар 3000 төгрөгөөр хямд юм. Орхон аймагт өнөөдрийн байдлаар шуудай нүүрс  8-10 мянган төгрөг бол нэг шуудай эко түлш 6500 төгрөг байна.


 

Нэг шуудай эко түлшинд 12-13 кг хаягдал цаас, 500 гр үртэс ордог байна. Мөн тэд хаягдал цаасыг ургамлын болон малын гаралтай тостой холин эко гал асаагч гаргажээ. Үүнийгээ 500 гр-аар савлан 1000 төгрөгөөр борлуулж байна.

 

Тус компанийн залуучуудын өөрсдийнх нь хийсэн судалгаагаар хогийн цэгт хаяж буй нэг машин хогийн 50 хувь нь цаас, цаасан бүтээгдэхүүн байгааг хэлж байлаа. Иймд түүхий эдийн дутагдалд орохгүй гэлээ.

 

 

Related news