ОРХОН: Хойд бүс нь цэвэр усны нөөцийг хамгаалах тогтолцоотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-03-31 17:44:53
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. "Хойд бүсийн хөгжлийн форум" Орхон аймагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус чуулганыг "Хойд бүсийн хөгжлийн төв" ТББ-аас санаачилж зохион байгуулж байгаа юм. Чуулганд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилтан, аймгийн эмэгтэйчүүд, ахмад, боловсрол, эрүүл мэндийн салбарын төлөөлөл оролцож хэлэлцүүлэг өрнүүлж байна.


Монгол Улс 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталж байсан бөгөөд уг үзэл баримтлалыг шинэчлэх зорилгоор энэ жилийг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэдийн саналыг авч байна. 


Монгол Улсыг бүсчилж хөгжүүлэхдээ, газар нутгийн байршил, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийг харгалзан зургаан бүсэд хуваажээ. Үүнд:

Баруун бүс - Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий

Хойд бүс - Булган, Орхон, Хөвсгөл

Зүүн бүс - Дорнод Сүхбаатар, Хэнтий

Хангайн бүс - Архангай, Баянхонгор, Өвөрхангай

Говийн бүс - Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь,

Төвийн бүс - Дархан –Уул, Сэлэнгэ, Төв аймаг юм. 

Хойд бүсийн хөгжлийн үзэл баримтлалыг тогтоохдоо дараах хүчин зүйлийг харгалзан үзсэн. Үүнд: 

Бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжил; 

Улс төр, засаг захиргаа; 

Түүх, нийгэм соёл; 

Үйлдвэрлэл, үйлчилгээний байршил, төрөлжилт; 

Орон зайн бүтэц, зохион байгуулалт зэрэг шалгуур, үндэслэлд тулгуурлан бүс нутгийн хөгжлийг төлөвлөн хэрэгжүүлэх саналыг “Хойд бүсийн хөгжлийн төв” ТББ боловсруулжээ.



Хойд бүсэд Хөвсгөл, Орхон, Булган аймаг багтаж байгаа бөгөөд Монгол Улсын нийт хүн амын 9.1 хувь буюу 305 917 хүн амьдарч байна. Эдгээр аймгуудын эдийн засгийн хүчин чадал, хөгжлийн бодлого, түвшин, хүн ардын амьдралын хэв маяг харилцан адилгүй байгаа юм.    


Хойд бүс нь байгалийн нөөц тэр дундаа цэвэр усны нөөцийг хамгаалах тогтолцоотой, бүс нутгийн эдийн засгийн дэд бүтэц сайтай, бүх төрлийн тээвэрлэлт, дамжин өнгөрүүлэх багтаамж сайтай, олон талт эдийн засаг, нийгмийн, соёлын цогцолбор сайтай, байгалийн зохистой нөөцөд суурилсан санхүүгийн хөрөнгийн урсгалыг татах чадвар өндөртэй юм.  


Үүний зэрэгцээ хүн ам зүйн бодлого алдагдсан, ахуйн шинжтэй болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнээс үүдэлтэй шилжин явах үзэгдэл нэмэгдсэн, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар сул, байгалийн хүчин зүйлийн нөлөөнд автах эрсдэл их гээд сөрөг үзүүлэлтүүд ч олон байна.


Тиймээс Булган, Орхон, Хөвсгөл гурван аймгийг нэгтгэн бүс нутгийн нөөц, эдийн засгийн чадавхыг нийтлэг эрх ашгийн төлөө оновчтой хуваарилж, хүн амын шилжилт хөдөлгөөний эерэг болон сөрөг үр дагаврыг тооцон хөгжлийн зөв бодлогыг тодорхойлоход  “Хойд бүсийн хөгжлийн төв” ТББ анхааран ажиллах юм.


Related news