Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан ирэх долоо хоногт "11-11” төвд ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-04-21 12:06:33

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан ирэх долоо хоногт “11-11” төвд ажиллана.


Он гарсаар эхний улирлын байдлаар нийгмийн даатгалтай холбоотой санал хүсэлт, гомдол тус төвд 1029 ирснээс дийлэнх нь ажилгүйдлын болон жирэмсний, амаржсаны тэтгэмжийн хүсэлт, хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн хуудсаа цахимаар илгээж чадаагүй зэрэг байжээ. Мөн нийгмийн даатгалын систем доголдсоноос хүндрэлтэй байсан, тус газар утсаа авдаггүй, хариу өгдөггүй зэрэг гомдол хамгийн олон ирсэн байна.


Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилттэй холбоотой асуулт хамгийн олноор ирдэг гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа уг төвд ажиллах үеэрээ онцолж байсан аж. Он гарсаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт 67 мянган гомдол, санал ирснээс 76 хувийг нь шийдвэрлэжээ.

 

Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдолд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгоод буй.

Related news