К.Мбаппе зодоон хийсэн гэх мэдээллийг няцаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-05-14 09:49:13

МОСКВА, 2024 оны тавдугаар сарын 14 /РИА Новости/.  Хөлбөмбөгчин Килиан Мбаппе ба “Пари Сен-Жермен" клубын ерөнхийлөгч Нассер аль-Хелаифи нарын хооронд маргаан дэгдэж, улмаар зодоон болсон тухай мэдээлэл бол худал мэдээлэл гэдгийг тус клуб дэх эх сурвалж ярьжээ. Энэ тухай Испанийн өдөр тутмын Marca гэдэг спортын сонинд бичсэн байна.


Саяхан Францын аварга шалгаруулах тэмцээний /Лига1/ "ПСЖ" ба “Тулуза” багуудын хооронд болсон тоглолтын өмнө Мбаппе клубийнхээ ерөнхийлөгчтэй зодолдсон тухай Le Parisien сонинд мэдээлсэн билээ. Харин эх сурвалжийн ярьснаар бол, Мбаппе тус клубээс явахаар шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдэж дүрс бичлэг хийхдээ аль-Хелаифи-гийн нэрийг дурдаагүйд клубийн ерөнхийлөгч гомдсон ажээ. Тэд нөхцөл байдлыг ярилцахаар нэг өрөөнд орсон бөгөөд удалгүй тэдний дуу чангарч, зодоон дэгдсэн тухай дээрх сонинд бичсэн байна.  


“Худал мэдээлэл улам хүчтэй тархаж буйг харахад үнэхээрийн харамсалтай байна. Ямар ч маргаан зөрчилдөөн болоогүй. Ерөнхийлөгч, Килиан хоёр улирлын төгсгөлд гэрээг дуусгавар болгохын тулд тоглолт бүрийн өмнө уулзаж ярилцаж байсан, уулзалт бүр үр дүнтэй, бие биенээ харилцан хүндэтгэсэн байдалд болж байсан” гэж эх сурвалж ярьжээ.


Өдгөө 25 настай К.Мбаппе ярихдаа, энэ улирлын төгсгөлөөр “ПСЖ”-ээс явна гэдгээ энэ сарын 10-ны өдөр мэдэгдсэн билээ. Тус багт 2017 оноос хойш тоглох хугацаандаа тэрбээр 256 гоол оруулж, клубийн түүхэн дэх шилдэг довтлогчоор тодорсноос гадна Францын АШТ-нд 6 удаа түрүүлж, Францын цомыг 3 удаа өргөжээ.  

Related news