Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
elbeg_b2004@yahoo.com
2024-05-31 10:35:59

                                                      -Аян замын тэмдэглэл-


Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Зуны эхэн сар гараад долоо хонож байлаа. Хоймор нутаг, Хөвсгөл аймгийн мэргэжил нэгтэн багш нар маань цөөнгүй хоногийн урьдаас мэдүүлсэн заллага юугаан ёсоор болгож баталгаажуулахаар байн байн утас залгаж лавлана. Агентлагийнхаа удирдлагуудад учрыг айлтгасанд тэд маань хүсэлтийг ёсоор болгосон тул урьд өдөр нь нийтийн унааны тасалбарыг ажлаа хийнгээ л өрөөнөөсөө захиалчхав.


Арван зургааны өглөө Сонгинохайрхан дүүрэг дэх, олны нэрлэж хэвшсэнээр “Шинэ драгон” зорчигч тээврийн төвд сониныхоо ажилтнаар хүргүүлж, автобус хөдлөх цагаас нь хорин минутын нөөцтэй амжиж очоод санаа амрав. Тийнхүү замдаа уух ус ундаахан авч, арваад минут дутуу байхад, эгнэж зогсох хэдэн автобусны зүг хүрээд сураглаваас “Хөвсгөлийн автобус эндээс явахгүй ээ. Та хуучин “Драгон” дээр оч” гэдэг байна. Цахимаар захиалсан тасалбар дээрх жолоочийн дугаарт яаравчлан залгаж, учрыг хэлбэл “Прейзер гараад “Цолмон” төвийн үүдэнд хүлээж бай, очоод авна” хэмээв. Ийнхүү уг төвөөс өглөө найман цаг гучин минутад хөдөлсөн автобус үдшийн хорин хоёр цагт Мөрөнд хүрснээр бүтэн өдрийн урт аяны чилээ сая тайлагдвай.


                                        Эх хэлний наадмын эзэд хийгээд хүндэт зочид


Өнөө жил Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат багш, хүмүүнлэгийн ухааны доктор, профессор Түмэнбаярын Дашцэдэн багштаны мэлмий гийсний 100 жилийн тэгш дүүрэн, түүхэн ой тохиож буйг уншигчид маань “Хүмүүн бичиг” сонины цувралаас хэдийнээ мэдсэн болов уу. Их хүмүүнийхээ нэрэмжит болгож өнөө жил хоймор нутгийн боловсрол, шинжлэх ухааны салбарынхан уламжлалт эх хэлний баяр, үндэсний бичиг үсгийн өдрөө, “Сүегэр-2024” уран бичлэгийн уралдаанаа тус тус нэгтгэн Мөрөн хотноо “Эх хэл бидний бахархал-2024” баяр болгон зохион байгуулахаар сар өдрийн сайныг сонгож товлосон байлаа. Эх хэлний баярыг, эхлээд энэ сарын 17-нд товлосноо дуулгасан. Дараахан нь наашлуулж 11-нд болголоо гэсэн ч тун удалгүй эргээд, анх товлосон 17-ндоо яг таг тогтжээ.


Монголын мянга мянган алдар хүндтэй багш сурган хүмүүжүүлэгчдээс хорьдугаар зуунд хоёрхон хөдөлмөрийн баатар цолтон төрсөн байдаг. 21-р зуун гарсаар гуравдахь баатар 2006 онд мэндэлсэн нь манай Т.Дашцэдэн профессор бүлгээ. Түүнээс хойш хөдөлмөрийн баатар цолыг багш хүнд олгоогүй өдий хүрч дээ. Эрдэмтэн баатар багштаны нэрэмжит эх хэлний баяр эхэлсэн тавдугаар сарын 16-ны өдөр нь билгийн тооллын хөх луу жилийн зуны эхэн сарын шинийн есний найман цагаан мэнгэтэй, могой жилтэй, дашнямтай өлзий хутгийн машид сайн өдөр байжээ. Их хүний нэрэмжит наадмын цаг тов цаанаасаа л ингэж учир утга, бэлгэ ерөөл дүүрэн зохирсон бөгөөд тэр л өдрөө эхлэх ёстой байжээ.



Аймгийн төр захиргааны ордны “Соёмбо” танхимын тайзнаа их багштаны инээмсэглэсэн төрх бүхий хөрөг зургийг байрлуулж /багшийн ийн инээж авахуулсан зураг өөр бараг байдаггүй гэж Ч.Батсүрэн багш ярьдаг. Б.Э/ алдар цолыг нь дурдан тодотгосон танилцуулгыг цахим дэлгэцнээ хүндэтгэлтэйгээр залжээ. Наадмын нээлтийн ёслолд Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, аймгийн БШУГ-ын дарга Ш.Отгон-Эрдэнэ, Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр нар болон сум, сургууль бүрээс ирсэн эх хэл бичгийн багш нар, уралдаан наадамд шалгаран мэдлэг ухаанаа сорих гэж буй шилдэг сурагчид, төрийн албан хаагчид суудлаа эзэлсэн байв. Монгол Улсын гавьяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ж.Баянсан, мөн Монгол Улсын гавьяат багш бөгөөд Т.Дашцэдэн профессорын хайртай шавь нарын нэг, ахмад багш Г.Цэдэндамба, гавьяат багш Д.Сайнтогтох, Галт сумын уугуул, Т.Дашцэдэн багштаны дотнын шавь, “Тэнгэрийн зардас буюу Түмэнбаярын Дашцэдэн” хэмээх номын зохиогч, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ч.Батсүрэн багш, түүнчлэн хөдөлмөрийн баатар багштаны төрсөн нутаг Галт сумын ЕБС-ийн захирал, АБТА А.Цэрэнхүү нарын зэрэг хүндэт зочид урилгаар морилон саатсан байлаа.


                                        2025 ондоо бэлэн аймгийн удирдлагаас эх хэлний наадмыг бодитой дэмжжээ


Үүнийг бичигч бээр “Хүмүүн бичиг” сонины  редакцын ахлагчийн хувьд, мөн үндэсний бичиг соёлын зүтгэлтний хувиар аймаг орон нутагт албан ажлаар очих бүрдээ боломж л гарвал дарга удирдлагуудтай нь уулзаж, үндэсний бичиг соёлоо дэлгэрүүлэх, сурч хэрэглэх үйлсийн тухайд санал зөвлөгөө хүргэж, хамтран ажиллах талаар мэдээлэл солилцож явдаг билээ.



Энэ удаад, Хөвсгөл аймагт хоёр хоног ажиллахдаа аймгийн Засаг дарга П.Лхагважав, Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр нартай албан ёсоор уулзаж, бичиг соёлоо дээдлэн дэлгэрүүлэх сэдвээр ярилцаж амжлаа. Аймгийн шинэ дарга П.Лхагважав абугайн хувьд, эл албыг хүлээн аваад зургаахан сар болж байгаа ажээ. Т.Дашцэдэн багшийн мэндэлсний 100 жилийн түүхэн ой тохиож буй хийгээд нэрэмжит эх хэлний наадам баяр, бусад ажлууд зохиох санал сэдлийг аймгийн БШУГ-ын монгол хэлний сургалт эрхэлсэн арга зүйч багш О.Нямгэрэлээр уламжлан хэдэн сарын өмнөөс дарга удирдлагын нь сонорт хүргэж амжсан хийгээд аймгийн дарга дэмжсэн тухай хариу таатай мэдээг ирүүлж байсан юм. 



Сая төлдөр биднийг Хөвсгөл нутагт очихын өмнө аймгийн Засаг дарга “Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх ажлыг эрчимжүүлж, Монгол хэл, бичгийн зөв хэрэглээ бүхий орчин бүрдүүлэх тухай” хэмээх дэлгэрхэн нэртэй албан даалгаврыг гаргасан байлаа. Энэ албан даалгаврыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөр онлоолжээ. Мөн тухайн сард орон даяар төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох хоёрдох шатны судалгааг авч, дүнг энэ сарын эхэнд гаргасан.


Судалгааны дүнгээр Хөвсгөл аймгийн төрийн албан хаагчид 50,5 хувьтайгаар, 2025 оноос монгол бичиг юүгээн төрийн албан харилцаанд хослуулан хэрэглэхэд бэлэн байгаагаа нотолсон сайн дүнтэй гарчээ. Эх хэлний наадмыг нээх ёслолын үеэр энэ мэдээллийг үүнийг бичигчээс сонордуулсан бөгөөд аймгийн Засаг дарга ч “Монгол хэлний тухай” хуулийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө санаачилгатай ажиллахаа илэрхийлж, ирэх хичээлийн жилээс өмнө “Хүмүүн бичиг” сониныг аймаг даяар захиалах, түүгээр дамжуулан төрийн албан хаагчид монгол бичгээ эрчимтэй сурах, хэрэглэхэд нь илүү үр дүнтэй туслагч байхын үүднээс сонинд төрийн албан хаагчдад зориулсан тусгай нүүр булан нээх саналыг бидэнд уламжилсан юм.


Энэ удаагийн эх хэлний баярын хүрээнд зохион байгуулсан үндэсний бичгийн уралдаан тэмцээнүүдийн шагналын санг бүрдүүлэхэд аймгийн Засаг дарга бөгөөд Хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга П.Лхагважав шийдвэр гаргаж, 17,8 сая төгрөгөөр дэмжсэний 90 хувь нь шалгарсан оролцогсдын гарт очих мөнгөн урамшуулал юм гэдгийг уулзалтын үед тодотгож байв.


                                             Их сургуулийн хэл шинжлэлийн тэнхим “нүүж очив”


Т.Дашцэдэн багш бол МУИС-ийн хэл шинжлэлийн тэнхимд 51 жил багшилсан, хүндэт профессор нь бүлгээ. Энэ удаагийн эх хэлний наадамд МУИС-ийн ШУС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхмийн эрхлэгч асан, МУГБ, доктор, профессор Ж. Баянсан багш өөрөө, мөн түүний шавь бөгөөд энэ цаг үед тус тэнхмийг удирдаж буй залуу доктор Т.Эрдэнэ-Очир, мөн тэнхмийн багш, доктор Г.Баттогтох, ахлах багш, доктор М.Жавхлан, мөн сургуулийн уран зохиолын тэнхмийн багш, доктор Д.Нямдорж нарын өргөн бүрэлдэхүүнтэйгээр хүрэлцэн ирсэн нь эрдэмтэн багшийнхаа түүхэн ой, нэрэмжит наадмыг нь гүнээ хүндэтгэсэн сайхан үйл явдал болж, төрөлх нутагт нь тэмдэглэсэн зууны ойнх нь утга учрыг улам нэмэгдүүлж, их сургуулийн маань хэл шинжлэлийн тэнхим Мөрөн хотноо “нүүгээд ирчихсэн” мэт санагдуулж байлаа.


                                            Нэр нь ч, бүтээл нь ч өвөрмөц “Сүегэр” уралдаан


“Сүегэр” хэмээх давтагдашгүй нэр бүхүй монгол уран бичлэгийн уралдааныг Хөвсгөл аймгийн эх хэлний багш мэргэжилтнүүд санаачлан буй болгоод цөөнгүй жил улирч байнам. Зарим үед орон даяар зарлан зохион байгуулж байсан эл уралдааныг өнөө жил тодорхой шалтгааны улмаас аймгийнхаа хэмжээнд зарлан явуулсан бололтой. ЕБС-ийн сурагчид, мэргэжлийн багш, төрийн алба хаагч болон сонирхогч иргэд, уран бичлэгийн хэмээсэн таван ангиллаар зохион байгуулсан уралдаанд 60 гаруй бүтээл ирүүлснийг МУИС-ийн багш, доктор М.Жавхлангийн хамт шүүн дэнслэх амаргүй үүргийг бид хичээн гүйцэтгэлээ. Энэ төрлийн уралдаанаас нийт 35 оролцогч шагнал хүртжээ. Басхүү цахимд “Дашцэдэн фонтоор шивэх” уралдаанд оролцсон эх хэлний багш нарын бичгийн ажлыг үнэлж дүгнэх хариуцлагатай үүргийг гардан биелүүлэхийн учир мэргэжлийн багш нартай гар нийлэн “Титэм” сургуулийн танхимд цагаан гэгээ тасартал суувай. Могой өдөр эхэлсэн наадам маань ийнхүү үнэхээр урт удаан үргэлжиллээ. Цаашид үл тасрахын бэлгэ учиг бас шингээ буй заа.






















Хэрэв зээ салбарын яамнаас дэмжиж, санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэж өгсөн бол эл уралдааныг, басхүү үзгийн хичээнгүй тигээр найруулан бичих уралдааныг тус тус Т.Дашцэдэн багштаны 100 жилийн ойн нэрэмжит болгон орон даяар, өргөн хүрээнд зохион байгуулах учиртай хэмээсэн саналтай явдгаа энд тэмдэглэе.


                                                        Хоймор нутагт таван жилийн дараа


Хөвсгөл аймгийн эх хэл бичгийн бодлого тодорхойлогчид, багш нар, аймгийн дарга удирдлагууд санаа зорилго, санхүү хөрөнгөө нэгтгэн 2019 онд эх хэлний өргөн дэлгэр уралдаан наадам зохион байгуулж, хол ойроос хүндэт зочдыг олноор урьж, сайхан баяр тэмдэглэж байлаа. Түүнээс хойш таван жил өнгөрчээ. Энэ завсар, цар тахлын саад тотгор тохиолдож бид хаана хаанаа юу эсийг үзсэн гэх вэ. Бүгдийг давж гарсан ард түмэн одоо эргээд хэвийн хэмнэлдээ орж, алдсан тасалдсан бүхнээ нөхөн цөлбөж, уламжлалт сайн үйлсээ улам бүр учирлаг, илүү ахисан түвшинд үргэлжлүүлэн сэргээж байнам. Үүнийг бичигчийг энэ удаад маш хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Урьд урьд нь ч мөн тийм л байсан билээ. Монгол Улсынхаа гавьяат хэмээх эрхэм цолыг ард түмнээсээ хүртсэнээсээ хойш хоймор сайхан нутагт анх удаа уригдан очсон минь хөдөлмөрийн баатар, алдар хүндтэй буурал өтгөсийн нэгэн зууны түүхэн ой таширласан сайхан үйл явдлын цаглабар лугаа таширлалаа.


Энэ сайхан түүхийн гэрч болж нүдээр харах, басхүү бэх цаасны хамаатан болсны хувиар, бядуу оюуныхаа хэр хэмжээгээр энэхнийг бичиглэн үлдээж байгаа минь ч түүхийн өгөгдөл, үл давтагдах тохиолдол гэж бодогдном. Урьсан хүмүүсийн маань оюуны таалалд нийцэх аваас сэтгэл амар байж болох мэт ээ. Хэн хэнийхээ төлөвлөж зорьсон сайн үйлсийг бүрэн биелүүлэхэд тусалж, сэтгэл зүтгэлээ зориулан хамтран ажилласан аймгийн БШУГ-ын дарга Ш.Отгон-Эрдэнэ танаа, мөн газрын эх хэлний сургалт эрхэлсэн арга зүйч багш О.Нямгэрэл, МОНЦАМЭ агентлагийн Хөвсгөл аймаг дахь сэтгүүлч Б.Гантуяа нартаа чин сэтгэлийн талархлаа үүгээр уламжлан хүргэсү.


                                        Өрмөн цагаан мөстэй Эгийн гол, баринтгаа задалж бүхүй Далай ээж

           

Модон луу жилийн зуны тэргүүн могой сарын могой өдөр эхэлсэн, хөдөлмөрийн баатар багшаа хүндэтгэн титэмлэсэн хоймор нутгийн эх хэлний наадам олон төрлөөр өргөн дэлгэр болж, дүнг баг байгууллагын үзүүлэлтээр нэгтгэн гаргаж байр эзлүүлэх шалтгаанаар цаг хүч багагүй зарж, шөнө дүл болтол үргэлжилвэй. Наадмын тэргүүн байр эзэлсэн сургууль хамт олон буюу хамгийн үнэмлэхүй шагналд сая төгрөг, дэд байрт 800 000, гутгаар байрт 300 000 төгрөгийн урамшуулал олгож, багш, сурагчид, иргэдээс эхний гурван байрт шалгарагсдад 100 000-50 000 төгрөгийн мөнгөн шагнал хүртээжээ. Мөн “Эх хэлээ эрхэмлэгч байгууллага”-аа шалгаруулж, тэргүүлэгчийг 300 000 төгрөгөөр, түүнчлэн “Дашцэдэн фонтоор цахимд шивэх” уралдаанд эхний гурван байр эзэлсэн мэргэжлийн багш нарыг хөдөлмөрийн баатар багшийн зээ нараас 400 000-200 000 төгрөгөөр урамшуулж буй ажээ. Эх хэлний наадмын дүнгээр, нийт 138 хүн ямар нэгэн шагнал хүртсэн байлаа. Бичиг эрдмийн ийм л баяр Хөвсгөл нутагт болов. “Та бүхний маань буянт үйлс улс орны соёлын түүхэнд тодоор үлдэнэ” гэж Т.Дашцэдэн багштан нэгэнтээ “Хүмүүн бичиг” сонины хамт олонд айлдаж байсан билээ. Энэ үгийг нь өнөөдөр, төрж өссөн унаган нутгийн нь ард зонд, хоймор нутгийн соёл, гэгээрлийнхэнд зориулж давтан хэлмээр санагдлаа...



 Эх хэлний наадмын хүрээнд, МУИС-ийн эрдэмтэн докторууд багш, сурагчдад тодорхой сэдвээр лекц уншиж, заах аргазүйн үнэтэй зөвлөмж өгч оюуны хур буулгаж байв. Доктор Г.Баттогтох тэргүүтэй эрдэмтэд Бүрэнтогтох сумын сургуульд ажиллаж, “Хос уянга” бичиг соёлын дугуйлангийнхаа салбарыг тус суманд байгуулах ажлыг амжуулаад иржээ.


Маргааш нь буюу морь өдрийн морин цагт хоймор нутгийн мэргэжил нэгтэн багш нар маань, зохион байгуулагчид нь хүндэт зочдоо Хөвсгөл далайн хөвөөнд зочлуулж бага ч гэсэн хугацаанд алжаал тайлах хөтөлбөр бэлтгэсэн байв. Аймгийн БШУГ-ын эх хэлний арга зүйчээр ажиллаж байсан, эдүгээ тус газрын даргаар томилогдсон Ш.Отгон-Эрдэнэ багш бээр биднийг урин зочлуулж, мөн арга зүйч багш бүлгээ, эдүгээ Хатгал тосгоны ЕБС-ийн захирлаар ажиллаж буй О.Оюунтунгалаг дүү бээр хөх сувдан далайнхаа зах дээр хүндэтгэн угтлаа.








Зам зуурт, Эрхэл нуур тэрүүхэн баруунтаа цэнхэртэн цэлийж, эрэг эмжээр нь мараатан цайвалзаж, араараа модтой уулс нь оюу ногоон хүрмээ хөдөрч, тал бэлээр нь үдийн халуун цагт хонь мал хорон хэвтсэн нь болор сувд цацсан мэт цайран цоохортоод, нялх унаганууд нь хажуугаараа налан нарлаж хэвтэх адуун сүрэг үе үехэн парр пурр тургилан идээшилж, их далайгаас эх авдаг Эгийн гол сарлагийн зузаан өрөм лүгээ адил дун цагаан мөсөн хуяг юугаан задлах төдий дөлгөөхөн урсаж, нуурын өрнө баруун зах дахь Хорьдол сарьдгийн нурууны дүнэгэр уулс тэргүүндээ цасан титэмтэй гялбалзаж, зуны эхний хөдөө нутгийн уужим сайханд хөхөө шувууны урьхан уянгалаг дуун нь улмаа хөгжим нэмэн сэтгэл хөглөж байлаа.


Хоймор нутгийг зорьж, далай ээжид бараалхан, сэнгэнэсэн сайхан агаараар нь цээж дүүртэл амьсгалж, шилэн тунгалаг рашаан уснаас нь адислан хүртэж явсан минь нэг бус билээ. Харин зуны эхэн цагт Хөвсгөл нуурт, Хатгал тосгонд ирж байсангүй. Зуны эхэн сарын далайн байдал үгээр хэлэмгүй сайхан, намуун тайван ажгуу. Эдүгээ тэнд хөл хөдөлгөөн, чимээ шуугиан, машин тэрэгний тоос тортог алга. Их усан далайн толион дээгүүр өвч бүрхсэн хасын өнгөт мөс нь хайлж элэгдэж дуусах арайхан болоогүй байнам. Өрөм мэт өегтөн цавцайх мөснийх нь завсар зайцаар сувдан далайн тунамал хөх ус намуухнаар баруун урагш даялан ханарч, үл мэдэгхэн долгио юугаан хээлэн үелэн эвхэх нь нэн гоё, амар амгалангийн далд сүр эрчсийг мэдрүүлнэ. Далайн эргийн усан гэвч шилэн аягаар утган амсахад хүйтэн дагшин бөгөөд нэн цэвэр цэнгэг гэдэг нь мэдэгдэн шимэгдэх юм. Хатгалын сургуулийн эх хэл бичгийн хэдэн багштайгаа энэ тэрхнийг хуучилж, эрэг зүлгэн дээр нь тухалж байтал “Титэм” сургуулийн багш нар хойноос довтолгон хүрч ирэв. Тэдний араас Ж.Баянсан багшийн тэргүүлсэн их сургуулийн эрдэмтэн докторуудын баг бас хөл хөөр нэмэн залгалаа.





















Энэ сайхан нутагт, байгаль дэлхийн ижилгүй үзэсгэлэн өгөөмөрт, их сургуулийн оюутан цагийн эрдэмтэн багш нарын маань нэг Ж.Баянсан багштайгаа дахин тааралдлаа. Өчигдөр бид өөр өөрийн ажил зорилготой, зав зай барагтай асан бүлгээ. Хагас жаран шахмын өмнөх эрдэмтэн багш-оюутан шавийн эрдэм номын үл тасрах гагнаасыг тодосгон сануулж, бага ч гэсэн дурсамж сэргээх зав энд оногджээ. Дараа нь биднийг хөлөг онгоцны зүгт урилаа. Их далайн өрөм мэт даргар мөс хайлж дуустал бас бүтэн сарын хугацаа буй ажим. Тэр болтол “Сүхбаатар” хөлөг нуруу амар, эрэгтээ зогссоор байх агаад наадмын өмнөөс хөлгүй хөх далайдаа хөвөн хөгжин баясах олны унаа хүлэг, даль жигүүр болон хүсэл мөрөөдлийг нь гүйцээхээр хязгааргүй цэнхэр далайдаа хөвөх болно оо. Ч.Үржинбадам гавьяаттай Хатгалд ирэх бүрдээ, хөлөг онгоцны буудалд дандаа тааралддаг юм. Энэ удаад капитан Л.Бадамдорж абугай маань хараахан үзэгдсэнгүй боловч Үржин гавьяат бээр хэзээний л зочдыг угтаж, усан цэнхэр далайнхаа чимэг болсон аварга хөлгөө танилцуулан тайлбарлаж, басхүү танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээнээ явуулдгаараа явуулж угтав.


... За ингээд үүнийг бичигч хөдлөх цаг дөхсөн тул тэмдэглэл маань ч дагаад өндөрлөхдөө ойртлоо. Байгаль дэлхийн ид шимтэй сайханд, гайхалтай ариун цэнгэг агаараар нь ганц хоног ч болов амьсгалж амарч хоноод явмаар байснаа нуух юун. Гэвч номын мөр хөөсөн бидний ном бичгийн дараагийн ажил Улаанбаатарт, даваа гарагт номын баярт ажиллах ээлжит ажлын буулга мөрөн дээр дараастай байлаа.


Хөвсгөл нутагтаа дахиад ирнэ. Хатгал тосгонд зуны найртай цагаар, ээлжийн амралтынхаа тоотой хэдэн хоногоос илүүчлэн “буулгагүйгээр” эргээд ирье ээ гэж бодсоор, үдэн гаргагсдадаа үүнээ учирласаар Мөрөн-Улаанбаатарын шөнийн автобусанд довтолгон хүргэх хөнгөн тэргэнд, хоймор нутагтаа эх хэл бичгийн сургалтаараа алдартай, “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааны олон олон аваргыг төрүүлдэг, нэрээ хүртэл монгол бичиг соёлынхоо тэргүүн болоод эрхэм махбодоор тодчилсон “Титэм” сургуулийн үйлс зорилго нэгтэн багш нарын хамтаар тухлав.


Хөлгүй хөвөлзөх их далайн хөвөөнөөс гадагш гарсан ганц урсгал-Эг гол, эргээд мөдхөн ирээрэй гэх шиг зөөлөн мяралзах долгионоо намируулан илбэсээр үлдлээ.

 

                                                                                                                              Мөрөн-Хатгал-Улаанбаатар

                                                                                                                              Хөх луу жилийн зуны тэргүүн сар 

Related news