Ж.Буффоны амжилтыг Германы хаалгач М.Нойер эвдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-06-24 11:28:12

БЕРЛИН, 2024 оны зургаадугаар сарын 24 /TASS/. Германы шигшээ багийн хаалгач Мануэль Нойер Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтод оролцсон тоогоор хаалгачдын дунд дээд амжилт тогтоожээ. 


Тэрбээр тус тэмцээний хэсгийн шатны гуравдугаар тойрогт Швейцарын багтай хийсэн тоглолтод Германы шигшээ багийн гарааны бүрэлдэхүүнд талбайд гарсан байна. Энэ тоглолт М.Нойерын хувьд ЕАШТ-ий 18 дахь тоглолт байлаа. Тэрбээр Италийн хаалгач Жанлуижи Буффоны (17) амжилтыг эвджээ.


Германы шигшээ багийн хөлбөмбөгчид Швейцарын багтай 1:1 харьцаагаар тэнцжээ. Швейцарын шигшээ багийн довтлогч Дан Ндойе (28 дахь минут), Германы багаас сэлгээгээр талбайд гарсан Никлас Фюллькруг (90+2) нар гоол оруулсан байна.


Германы шигшээ 7 оноотой хэсгээ тэргүүллээ. Тус баг хасагдах шатны эхний тойрогт С хэсгийн хоёрдугаарт байрт шалгарсан багтай тоглоно. Швейцарын баг 5 оноотой хэсгээсээ хоёроор 1/8 шигшээд шалгарсан бөгөөд В хэсэгт хоёрдугаар байр эзэлсэн багтай өрсөлдөнө. А хэсгийн гуравдугаарт Унгарыг баг (3) орж байгаа бөгөөд хасагдах шатанд шалгарах боломжтой хэвээр байгаа бол Шотландын шигшээ дөрөвт (1) орж, тэмцээнийг орхиж байна.


Өдгөө 38 настай М.Нойер ЕАШТ-ий хошой хүрэл медальт (2012, 2016) бөгөөд Германы шигшээ багийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга (2014) болсон юм. Тэрбээр 2011 оноос хойш “Байерн Мюнхен” багт тоглож байгаа бөгөөд 11 удаа Германы аварга болж, Германы цомд 5 удаа, Аваргуудын лигт хоёр удаа түрүүлжээ. 


Германд болж буй ЕАШТ-ий шувтаргын тоглолт долоодугаар сарын 14-нд Берлинд болно. 

Related news