Хан Хэнтий чуулгын бүжигчид улсын уралдаанд “Гранпри” шагнал хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-10 13:36:39

Зууны манлай бүжиг дэглээч Төрийн соёрхолт, УГЗ Ц.Сэвжидийн мэндэлсний 100 жилийн ой тохиож, түүний нэрэмжит мэргэжлийн гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын 4 дүгээр уралдаанд АДБ-ийн Хан Хэнтий чуулгын бүжиг дэглээч МУСТА Д.Цогт-Эрдэнэ 12 бүжигчний хамт амжилттай оролцож, “Уран хийц” бүжгээрээ Гранпри шагнал хүртээд ирлээ.

Уг тэмцээнийг Монголын бүжгийн урлагийг хөгжүүлэх, мэргэжлийн театр, чуулгуудын бүжигчдийн урын санг ахиулах, ур чадварыг дээшлүүлэх, бүжиг дэглээч нарыг шинээр гаргаж ирэх, бүжигчдийг алдаршуулах зорилготойгоор дөрвөн жилд нэг удаа Урлагийн ажилтны холбооноос зохион байгуулдаг аж. Тэмцээн бүжиг дэглээч, гоцлол бүжигчин, хоёрол бүжигчин, гурвал бүжигчин, цөөхүүл бүжигчид гэсэн төрлөөр явагдаж, 22 бүжиг дэглээч, 270 гаруй бүжигчид, 300 зуу гаруй  уран бүтээлээр оролцон өрсөлджээ.

Сонирхуулахад тус тэмцээнд Хан Хэнтий чуулгын үе үеийн уран бүтээлчид амжилттай оролцож ирсэн бөгөөд нэрт бүжиг дэглээч  УГЗ Д.Санжаасүрэн анхны тэмцээнд нь оролцож тэргүүн байр,  МУСТА бүжиг дэглээч Ц.Оюунбаатар 2000 оны эхээр оролцож тусгай байр, 2011 онд МУСТА бүжиг дэглээч Д.Цогт-Эрдэнэ оролцож цөхүүл бүжгийн төрөлд тусгай байр, Ц.Сэвжидийн нэрэмжит шагналыг хүртэж байжээ.

О.Буянхишиг

 

Related news