Увсад 2,1 сая бог малыг вакцинжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-10 17:06:38

Ховд аймгийн ихэнх сумдад гарсан бог малын мялзан төст өвчин Увс аймгийн Өлгий, Өмнөговь суманд илэрсэнтэй холбогдуулан Увс аймгийн хэмжээнд бог малыг вакцинжуулахаар боллоо.

Энэхүү вакцинжуулалт Увс аймагт өнөөдрөөс эхлэх бөгөөд нийтдээ 2,1 сая бог малыг хамруулах юм байна. Одоогоор Өлгий, Өмнөговь суманд хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг аймгийн холбогдох албаны хүмүүс хийгээд байна. Бог малын мялзан төст өвчнөөр дээрх сумдын 900 гаруй мал өвчилснөөс 51 малыг устгалд оруулжээ.

Уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд Монгол Улсын Засгийн Газраас вакцинжуулалтын ажлыг баруун 3 аймгийн нийт бог малд хийхээр болжээ. Энэ ажилд улсын төсвөөс 5,5 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд Увс аймагт 154 сая төгрөг нь олгогдсон байна.

“Тухайн сумын мал эмнэлгийн байгууллагууд хариуцан бог мал нэг бүрийг вакцинд хамруулах юм. Мялзан өвчний эсрэг вакцин нь тодорхой тун, зааврын дагуу хийгддэг тул хариуцсан мэргэжилтнүүд нь хариуцлагатай байх ёстой” хэмээн аймгийн ХХААГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Оюунчимэг мэдээллээ.

Увс аймаг Б.Батхүү

 

Related news