ДУНДГОВЬ: Хүүхдүүд тохилог номын сантай болбол ном унших хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-07-23 16:13:59
altantogos

Мандалговь, 2024 оны долоо дугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн зарим сумын хүүхдүүдэд ном унших орчин нөхцөл, номын фонд хангалтгүй байна.


Аймгийн төвийн 5 сургуулийн хувьд С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сан болон "Ид шидийн орон-Дундговь" ХХХТ-ийн дэргэдэх “Шидэт танхим”-ын номын сангаар үйлчлүүлдэг бол бусад сумын хувьд номын сан нь Соёлын төвдөө харьяалагддаг.


Тус аймгийн 15 сумын 19 сургуульд 8700 гаруй хүүхэд суралцдаг. 2023 онд Ид шидийн орны номын сангаар 12820 хүүхэд үйлчлүүлсэн бол аймгийн төв номын сангаар 13200 гаруй хүүхэд үйлчлүүлжээ.


Бага наснаасаа номтой нөхөрлөж, ном уншдаг байх нь хүүхдийн тогтвортой сууж сурах, аливаа зүйлд логиктой хандаж, сэтгэдэг, зөв хандлагатай болоход чухал ач холбогдолтой. Тогтмол ном уншдаг болохын тулд номын сангийн орчин, уншихыг хүссэн номын фонд, тогтмол шинэ номоор баяжуулж байх асуудал чухал байна.


“Ид шидийн орон-Дундговь” ХХХТ-өөс тус аймгийн 14 суманд номын сангийн нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор 390 хүнээс судалгаа авчээ. Судалгаанд оролцогчид Эрдэнэдалай, Өлзийт, Баянжаргалан сумаас бусад бүх сумын хувьд ном унших тохилог номын сан байхгүй, зарим номын сангийн халаалт тааруу, жижигхэн гэсэн бол судалгаанд хамрагсан хүүхдүүдийн 41,3 хувь нь “уншихыг хүссэн ном байдаггүй, ном уншихад тухгүй байдаг” гэсэн байна. 


Гэхдээ судалгаанд оролцсон хүүхдүүд бүгдээрээ дээрх асуудлыг шийдчихвэл ном унших маш их хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ.


Тиймээс сумдад ном уншихад таатай, тохилог орчин бүрдүүлэх, сурагч хүүхдүүдийн хэрэгцээнд тохирсон ном, зохиолыг номын санд байрлуулж, сонирхолд нь тохирсон хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгцээтэй байгааг "Ид шидийн орон" ХХХТ-ийн захирал М.Санжаасүрэн онцолж, энэхүү асуудлыг шийдвэрлэх нь ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудыг номтой нөхөрлөж, зөв хүн болж төлөвшихөд нь чухал хөрөнгө оруулалт болно гэсэн юм. 

Related news