Аргентинчууд ФИФА-д гомдол гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-07-25 12:09:59

ПАРИС, 2024 оны долоодугаар сарын 25 /sport-express.net/. Аргентины хөлбөмбөгчид Олимпын наадмын хөл бөмбөгийн тэмцээнд Мароккогийн шигшээ багт 1:2 харьцаагаар хожигдсоны дараа Аргентины хөл бөмбөгийн холбооноос /AFA/ ФИФА-гийн Сахилга батын хороонд хандан албан ёсоор гомдол гаргасан байна. Үүнийг AFA-гийн Ерөнхийлөгч Клаудио Тапиа баталлаа.


“Өнөөдөр Сент-Этьенд аргентинчууд бидэнд тохиолдсон явдал бол үнэхээрийн гунигтай. Хувцас солих өрөөнд 2 цаг орчим хүлээсний эцэст манай хөлбөмбөгчид талбайд дахин гарч тоглолтыг үргэлжлүүллээ.  Гэтэл Мароккогийн үзэгчид талбайд гарч ирсний дараа шүүгч тоглолтыг бүрмөсөн зогсоох ёстой байсан. Аргентины төлөөлөгчид хүчирхийлэлд өртсөн нь үнэхээрийн утга учиргүй зүйл бөгөөд тэмцээний дүрэмд харшилж байна. Түүнээс гадна, тоглолтыг үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн хоёр багийн ахлагч нарын саналыг огт сонссонгүй. Иймээс Аргентины хөл бөмбөгийн холбооноос ФИФА-гийн Сахилга батын хороонд хандан, зохицуулалтын арга хэмжээг авах, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулах зорилгоор гомдол гаргалаа” гэж К.Тапиа ярьсан байна.


Болсон явдлыг өгүүлвээс, лхагва гарагт Сент-Этьен хотын “Жоффруа-Гишар” цэнгэлдэх хүрээлэнд Аргентин-Мароккогийн шигшээ багуудын тоглолт болж, шүүгчийн өгсөн нэмэлт цагийн 16 дахь минутанд Аргентины багийн Кристиан Медина гоол оруулж, тооны харьцааг 2:2 болгох үед Мароккогийн хөгжөөн дэмжигчид талбайд гүйж гарч ирснээр эмх замбараагүй байдал үүсжээ. Шүүгч тоглолтыг зогсоохоос аргагүйд хүрсэн бөгөөд энэ үеэр Мединагийн хийсэн гоолыг VAR системээр шалгахад отон тоглолт байсан тул гоолыг хүчингүйд тооцжээ. Хоёр цаг гаруйн дараа тоглолтыг үзэгчидгүйгээр үргэлжлүүлэхэд Мароккогийн баг 2:1 харьцаагаар хожсон байна.


Хоёрдугаар тойрогт аргентинчууд Иракийн багтай, мароккочууд Украины багтай 27-ны өдөр тус тус тоглоно.  

Related news