ДУНДГОВЬ: Говь-Угтаал сумынхан түүхт 100 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-07-25 16:47:53
altantogos

Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Говь-Угтаал сум түүхт 100 жилийн ойн баяр наадмаа энэ сарын 24-25-нд зохион байгуулж, өргөн дэлгэр наадлаа.


Говь-Угтаал сум бахархах үнэт зүйл, өв соёл, уламжлал арвинтай. Боржгин найрын дэг жаяг, уулан дээр гарч тэнгэр хангайгаа шинждэг ёс уламжлалыг тээж яваа ард түмэн. 1924 онд Төв аймгийн харьяанд байсан тус сум 1942 онд Дундговь аймаг байгуулахад тус аймгийн нэгэн сум болж, хөгжсөн түүхтэй. Ажирхай, Морьт, Хонгор гэсэн 3 багийн нийт 498 өрхөд 1544 хүн амьдардаг.


Сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадамд тус сумын уугуул, суугуул иргэд, олон зочин, төлөөлөгч хүрэлцэн иржээ.


Баяр наадмын үйл ажиллагаа баярын хурлаар эхэлж, хүндэтгэлийн тоглолт, наадмын нээлтийн ажиллагаа, 64 бөхийн барилдаан, 6 насны морьдын уралдаанаар үргэлжлэн наадамчин олон хуртай, нартай өргөн дэлгэр наадлаа.


100 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 64 бөх зодоглож, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Дүнжингарав бөхийн дэвжээний бөх, Монгол Улсын заан Д.Хүдэрбулга түрүүлж, аймгийн арслан А.Саруулсайхан үзүүрлэжээ.



Хурдан азарганы уралдаанд 31 азарга уралдаж, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уяач Н.Лхагвасүрэнгийн буурал азарга түрүүлж, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын харьяат, Аймгийн алдарт уяач Н.Одсүрэнгийн хүрэн азарга аман хүзүүдлээ.


Айргийн гуравт Баянжаргалан сумын харьяат, аймгийн алдарт уяач А.Оюундэлгэрийн бор азарга, дөрөвт Говь-Угтаал сумын харьяат, Аймгийн алдарт уяач Б.Эрдэнэбулганы хүрэн азарга хурдалж, Говь-Угтаал сумын уяач Т.Чойжилсүрэнгийн хонгор буурал азарга айргийн тавд давхижээ.


Хурдан соёолонгийн уралдаанд 34 соёолон уралдаж, Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, Аймгийн алдарт уяач Д.Шийтэрцэрэнгийн халтар соёолон түрүү магнайд ирж, Сайнцагаан сумын уяач О.Мөнхбатын хээр соёолон аман хүзүүдлээ.


Айргийн гуравт Говь-Угтаал сумын харъяат, сумын алдарт уяач М.Эрдэнэ-Очирын бор соёолон, дөрөвт сумын  алдарт уяач Ш.Баярнямын хүрэн соёолон, тавд аймгийн алдарт уяач Н.Одсүрэнгийн цавьдар соёолон хурдалжээ.


Хурдан шүдлэнгийн уралдаанд 67 хурдан хүлэг уралдсанаас Говь-Угтаал сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Эрдэнэбулганы сартай хонгор түрүүлж, сумын алдарт уяач Э.Маналсүрэнгийн хүрэн аман хүзүүдлээ. Айргийн гуравт Говь-Угтаал сумын уяач Ж.Төрбатын хээр, дөрөвт Цагаандэлгэр сумын уяач П.Даваажавын хээр, тавд Говь-Угтаал сумын харьяат, Сумын алдарт уяач Н. Мөнхбүрэнгийн шар халтар хурдаллаа.



Их насны морьдын уралдаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Ц.Нарангэрэлийн шарга түрүүлж, аман хүзүүнд Говь-Угтаал сумын уяач М.Эрдэнэ-Очирын хээр алаг ирсэн бол айргийн тавд Баянжаргалан сумын уяач А.Оюундэлгэрийн хээр, Төв аймгийн Баянцагаан сумын уяач А.Одсүрэн, Баянжаргалан сумын уяач О.Гомбодоржийн морь тус тус хурдалжээ.


Харин хязаалан насны уралдаанд Говсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Баттөмөрийн хонгор халзан түрүүлж, Баянжаргалан сумын уяач Энхболдын сартай хүрэн аман хүзүүдэж, Говь-Угтаал сумын уяач Б.Мөнх-Амгалангийн зээрд халзан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Ц.Нарангэрэлийн хар, Говь-Угтаал сумын уяач Баянжаргалангийн зээрд халзан айргийн тавд иржээ. 


Хурдан дааганы уралдаанд Говь-Угтаал сумын харъяат, сумын алдарт уяач Б.Таяамоломын зээрд түрүүлж, айргийн тавд Говь-Угтаал сумын уяач Б.Сүрэндаваагийн хүрэн халзан, Төв аймгийн аймгийн алдарт уяач Г.Ууганбаатарын зээрд халзан, Говь-Угтаал сумын Т.Батбаярын сартай хээр хурдалж, наадамчин олноо баясгав. 







Related news