ТӨВ: “Төв түмний цэнгэл” баяр наадмыг 4 дэх жилдээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-07-29 17:29:09

Зуунмод, 2024 оны 7 дугаар сарын 29 /МОНЦАМЭ/. “Төв түмний цэнгэл” баяр наадмыг Төв аймгийн Алтанбулаг суманд 7 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд зохион байгууллаа.


Баяр наадмын хүрээнд 27 сумын наадамд айргийн тав дотор хурдалсан дээд гурван насны шигшмэл хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, шагайн харваа болон нүүдэлчдийн өв соёлын илэрхийлэл болсон хүрээ цамын бүжиг, шилдэг хос морьтон, сайхан эдлэл хэрэглэл шалгаруулах, айргийн баяр, дэмбээний тэмцээн зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулдаг.



Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар баяр наадмыг нээж үг хэлэхдээ, "Монгол Улсын Засгийн газрын “Монголд зочлох жил 2023-2025”, Төв аймгийн “Аялал жуулчлалын стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд “Төв түмний цэнгэл” баяр наадмыг аялал жуулчлалын томоохон эвент болгохоор зорьж байна. Энэ хүрээнд гадаадын зочдыг татах, харилцаат бүс нутгуудаа сурталчлах хүрээнд Зүүн Азийн Аялал жуулчлалын холбоо /EATOF/-ны 18 дахь удаагийн чуулганд оролцогч 9 орны 150 орчим зочид, төлөөлөгчдийг оролцуулж байгаагаараа онцлог байна. Түүнчлэн Төв түмний цэнгэл баяр наадмын хүрээнд “Хатантуулын бүсгүйчүүд” үйл ажилллагаа болж байгаа нь жуулчдад монгол ахуйгаа танилцуулах томоохон боломжийг нээж өгч байна” гэв.


Мөн Төв аймгийн Аялал жуулчлалын холбоо, Алтанбулаг, Аргалант, Борнуур, Батсүмбэр, Баянчандмань, Мөнгөнморьт, Эрдэнэ, Эрдэнэсант сумын Засаг дарга нар, Нутгийн Иргэдийн Аялал Жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид хоорондын гурвалсан гэрээ байгуулж, тогтвортой аялал жуулчлалыг өргөжүүлэх ажлыг эхлүүлэв.



“Төв түмний цэнгэл-2024” баяр наадмын хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаанд сум, баг, хамт олноороо идэвх, санаачилгатай оролцсон Төв аймгийн Эрдэнэ сумын хамт олныг “Шилдгийн шилдэг сум”-аар шалгаруулж “Батламж” хадгалуулав.


"Төв түмний цэнгэл" баяр наадамд гадаад, дотоодын хүндэт зочид төлөөлөгчид, аялагч, жуулчдыг өргөнөөр оролцуулж, улс, аймаг, орон нутгийнхаа өв соёл, ёс заншил, уламжлалыг сурталчлан таниулах зорилгоор 2018 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж байна.


Related news