ДУНДГОВЬ: Шинэ ажлын байранд 497 иргэн зуучлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-08-20 17:06:08
altantogos

Мандалговь, 2024 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэдээлснээр энэ оны эхний 7 сарын байдлаар шинэ ажлын байранд 497 иргэн зуучлуулжээ.


Эдгээр иргэдийн 76,5 хувь нь төрийн өмчит байгууллагад, 23,1 хувь нь хувийн хэвшилд, 1 иргэн гадаадын, 1 иргэн хамтарсан эзэмшлийн байгууллагад тус тус ажиллахаар болсон байна.


Аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан судалгааны дүнгээр Дундговь аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 28151 иргэн байгаагийн 63 хувь нь ажил хөдөлмөр эрхлэх боломжтой гэсэн тооцоо гарсан байна.  Гэхдээ ажил хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийн 90 гаруй хувь нь төр, ТББ, хувийн хэвшилд хөдөлмөр эрхэлж байгаа бол ажилгүй 1132 хүн байгаа юм.


7 дугаар сарын байдлаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт 242 иргэн ажил хайж бүртгүүлсэн байгааг ажилгүй иргэдийн тоотой харьцуулахад 21,3 хувийг эзэлж байна. Ажил хайгч иргэдийн 26,4 хувь нь бүрэн дунд боловсролтой, 23,6 хувь нь суурь боловсролтой, 21,5 хувь нь бага боловсролтой, 13,6 хувь нь техникийн болон мэргэжлийн боловсролтой, 2,8 хувь нь дээд боловсролтой иргэд байгаа юм.


Ташрамд дурдахад Статистикийн хэлтсийн гаргасан дээрх судалгаагаар аймгийн хөдөлмөрийн зах зээлд ажлын байр дутагдалтай өөрөөр хэлбэл хөдөлмөрийн эрэлт нь нийлүүлэлтээс их байгааг тодорхойлон гаргасан байна. 

Related news