Т.Бах: Миний шийдвэр Олимпын хөдөлгөөний эрх ашигт нийцнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТБУЭНОС-АЙРЕС, 2024 оны аравдугаар сарын 4. /ТАСС/. Удирдах албан тушаалаа шилжүүлэн өгөх шийдвэр нь Олимпын хөдөлгөөний эрх ашигт нийцнэ гэдгийг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах онцлон дурдлаа. Тэрбээр Асунсьон хотод болсон Пан Америкийн спортын байгууллагуудын Ерөнхий чуулганы үеэр ийнхүү мэдэгджээ.
Т.Бах ОУОХ-ын тэргүүний үүрэгт ажлаа ирэх оны зун хүлээлгэн өгөх юм. Өөрийнх нь бүрэн эрхийн хугацааг дахин нэг удаа сунгахын тулд Олимпын Хартид өөрчлөлт оруулъя гэсэн саналаас татгалзаж байгаагаа тэрбээр 8 дугаар сард мэдэгдсэн билээ.
"Цаг үе өөрчлөгдөж буй энэ үед эв нэгдлийн үзэл санаа нь Хойд ба Өмнөд Америкт тогтвортой бөгөөд хүртээмжтэй спортын ирээдүйг цогцлооход урьдын адил чухал хэвээр байна. Чухам ийм учраас ОУОХ-ны шинэ ерөнхийлөгчийг сонгох гэсэн миний шийдвэр нь Олимпын хөдөлгөөний эрхэм чухал эрх ашигт бүрнээ нийцэж байгаа юм” гэж Т.Бах хэлжээ. “Намайг залгамжлах хүнд эв нэгдэл, найрамдлын үзэл санааг буухиалан хүргээсэй гэж би хүсэж байна” хэмээн тэрбээр нэмж хэлэв.
ОУОХ-ны тэргүүнийг тодруулах
сонгууль 2025 оны 3 дугаар сард Грек улсад болох бөгөөд шинэ ерөнхийлөгч
зургаадугаар сард ажилдаа орох юм. Одоогийн байдлаар Ерөнхийлөгчид 7 хүн өрсөлдөж байна. Тэд бол Олон улсын хөнгөн атлетикийн
холбооны ерөнхийлөгч, Их Британийн иргэн Себастьян Коу, Олон улсын гимнастикийн
холбооны тэргүүн, Японы иргэн Моринари Ватанабэ, Олон улсын дугуйн холбооны
ерөнхийлөгч, Францын иргэн Давид Лапартьян, Олон улсын цанын ба сноубордын
холбооны тэргүүн, Шведийн иргэн Йохан Элиаш, ОУОХ-ны дэд ерөнхийлөгч, Испанийн
иргэн Хуан Антонио Самаранч /хүү/, ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Иордан
улсын иргэн Фейсал аль-Хусейн, усанд сэлэлтийн Олимпын хошой аварга, Зимбабвегийн
иргэн Кирсти Ковентри нар юм.