ДУНДГОВЬ: Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр 16 багш шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-10-07 12:55:34
altantogos

Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 15 сумын сургууль, цэцэрлэгийн багш нар Дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийг тэмдэглэлээ.  


Дэлхий дахинд багшийн нэр хүндийг өргөх, хөдөлмөрийг нь үнэлэх, багшийн мэргэжилд иргэдийн анхаарлыг хандуулах, багш сурган хүмүүжүүлэгчдэд талархлаа илэрхийлэх зэргээр тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.


Өнөөдрийн байдлаар тус аймгийн 15 сумын 22 цэцэрлэгт 118, 19 сургуульд 550 гаруй багш ажиллаж байна.


Багш нарын баярыг тохиолдуулан аймгийн ЗДТГ, БШУГ-аас Баярын хурал зохион байгуулж, салбартаа амжилттай ажиллаж буй багш нарыг шагнаж урамшуулсан бол сургуулиудад “Суралцагчийн нэг өдөр” зохион байгуулж, ахлах ангийн суралцагчид нэг өдөр багш нарынхаа ажил үүргийг гүйцэтгэн, талархал илэрхийлсэн байна.


Баярын хурлын үеэр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан багш, ажилчдыг төрийн дээд одон, салбарын “Тэргүүний ажилтан” цол, БШУЯ-ны Жуух бичиг болон тус аймгийн Хүндэт тэмдэг, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа. Нийт 77 хүн шагнуулсан байна.  


Алтан гадас одонгоор Сайнцагаан сумын 7 дугаар цэцэрлэгийн ахмад багш Г.Оюунчимэг, “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Луус сумын сургуулийн англи хэлний багш С.Уранбайгаль, нийгмийн ажилтан Г.Цолмон, бага ангийн багш Г.Бадамсүрэн,насан туршийн боловсролын багш Б.Гоёомаа, Хүмүүнлэг сургуулийн гадаад хэлний багш Д.Нандинчимэг, Цэгц билиг сургуулийн техник,технологийн багш Б.Адъяадорж нарын 16 багшийг шагнажээ. Түүнчлэн ахмад багш Д.Сандагдоржийг аймгийн “Хүндэт иргэн”-ээр тодруулж, шагналыг гардуулллаа. 


Боловсролын чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Дундговь аймгийн хэмжээнд хэд хэдэн дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, багш нарын тогтвор суурьшилтай ажиллах, хөгжих боломжийг бүрдүүлж байгаа юм.


Боловсролын салбарт мэргэжлийн багш нарыг бэлтгэх зорилгоор сүүлийн гурван жилд уг мэргэжлээр суралцсан оюутнуудтай гэрээ байгуулан, төлбөрийг хариуцаж сургаснаар 11 багш нутагтаа ирж, ажиллаж байна.


Түүнчлэн орон нутагтаа тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж буй 4 багшид орон сууцны дэмжлэг, 100 гаруй багшид магистрын хөтөлбөрт сурах дэмжлэг, жил бүр шилдэгээр шалгарсан 18 багшид 18 сая төгрөгийн урамшуулал олгож, 22 багш, удирдах ажилтныг бусад улс оронд мэргэжил дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлжээ.

Related news