Монгол хүмүүжигчид шатрын ДАШТ-д гурван жил дараалан түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-13 11:55:01

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дэлхийн шатрын холбоо, АНУ-ын Чикаго хотын Шерифийн холбооноос хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өндөрлөлөө.


Онлайнаар болдог энэхүү тэмцээнд ШШГЕГ-ын 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчдийн баг түрүүлж, гурав дахь удаагаа дэлхийн аварга болов. Дэлхийн 60 орны 150 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай баг тамирчид хэсгийн шатанд Энэтхэгийн нэг, хоёрдугаар баг болон Казахстан, Гүрж, Киргизстаны багийн хожиж хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлжээ. Улмаар хасагдах шатанд Латвийг, хагас шигшээд Румыныг, аваргын төлөө Эльсалвадорыг буулган авснаар түрүүлэх болзлоо хангасан байна.


Тус тэмцээний бэлтгэлд их мастер, дэд хурандаа Т.Батчимэг арга зүй, сэтгэл санаа, арга тактикийн байнгын дэмжлэг үзүүлэн ажиллажээ Шатар нь  дэлхийд хамгийн өндөр түвшинд хөгжсөн оюуны спортын төрөл бөгөөд анхаарал төвлөрөл, сэтгэн бодох өндөр чадварыг тамирчинд олгохын зэрэгцээ сэтгэл зүй, бясалгалын эерэг нөлөөллийг үзүүлдэг билээ.


Шатрын спортын ач холбогдлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр нөлөөг нийгэмшүүлэх ажилд нэвтрүүлэн ашиглах зорилгоор 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги “Шатар таны амьдралд” хөтөлбөрийг боловсруулан бүх нийтийн сургалт, тэмцээн, уралдаан зохион байгуулахаар ажиллаж эхэлсэн байна.






 

 

Related news