СЭЛЭНГЭ: С.Батхуяг: Хяналтын камер байршуулах ажил аймгийн хэмжээнд 109.8 хувьд хүрсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-11 10:57:56

Сүхбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг зөрчлийг шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймагт “Теле камерын хяналтын дэд төв” байгуулах ажил хийж байна.

 

Энэ талаар аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Батхуягтаас тодрууллаа.

 

-Аймгийн төв Сүхбаатар суманд теле камерын хяналтын дэд төв байгуулах ажил ямар хэмжээнд явж байна. Энэ ажлынхаа талаар тодруулна уу?

-Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг зөрчлийг шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын А/450, А/451, А/470 дугаар захирамжийн дагуу “Теле камерын хяналтын дэд төв” байгуулах ажлыг манай байгууллагаас зохион байгуулж байна.

Үүнийг хуучнаар аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын газрын хуучин барилгын 254.98 м.кв 3 өрөөг стандартын дагуу засварлаж, шилэн кабель татах, нүүлгэн шилжүүлэх ажлыг яг одоогоор хийж байна.

Камерын хяналтыг нийслэлд 100 хүн тутамд 2 камер, орон нутагт 100 хүн тутамд 1.5 камер байхаар тогтоосон байдаг.

 

-Сэлэнгэ аймгийн тухайд хэдэн камер байрлуулж болох вэ? Одоогоор хаана хаана хэчнээн камер байршуулаад байгаа вэ?

-Сэлэнгэ аймагт оршин суух бүртгэлтэй 105830 иргэнд 1587 хяналтын камер байршуулах шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарсан.

Манай аймгийн хувьд хүрэх түвшиндээ 109.8 хувьтай хүрсэн. Одоогоор гудамж талбай руу чиглэсэн 1744 камер бүртгэлтэй ажиллаж байна.

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мандалд 80, Сүхбаатар суманд 98 ширхэг нийт 170 гаруй камерыг нэмж байршуулахаар тендерийн ажил зарлаад, эхний ээлжийн 80 камерыг хүлээлцээд байж байна.

 

-Цаашид энэ ажил үргэлжлэх үү?

-Цаашдаа ч аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хамтын оролцоотойгоор камержуулах ажлыг тасралтгүй явуулна. Иймд энэ теле камерын хяналтын дэд төвд камерын хяналтын нэгдсэн систем байршуулж, түүнд ажиллах хүний нөөц, инженер техникийн ажилтнуудын цалин хөлсний асуудлыг орон нутгаас шийдвэрлэж өгөхийг бид холбогдох удирдлагуудад саналаа хүргүүлсэн байгаа.

 

Related news