СЭЛЭНГЭ: Төслийн үр дүнд халдвар авах эрсдэл буурч, ариутгалын чанар сайжирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-15 12:29:17

Сүхбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулин тэргүүтэй зочид төлөөлөгчид Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэрэгжүүлсэн төслийн үр дүнтэй танилцлаа.

 

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-5” төслийн хүрээнд “Цус цуглуулах төв, микробиологийн лаборатори, ариутгалын тасаг болон эмнэлгийн хог хаягдал түр хадгалах байр” зэрэг дөрвөн цогц ажлыг хэрэгжүүлсэн байна.

 

Төслийн үр дүнгээр цусны салбар төвийн барилгыг засаж, тоног төхөөрөмжийг шинэчилснээр цус цусан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, цус цусан бүтээгдэхүүн бэлтгэх технологи шинэ түвшинд хүрчээ.

 

Ингэснээр цус сэлбэлт аюулгүй болж, цус цусан бүтээгдэхүүний чанар, нөөц, хүртээмж хангалттай хэмжээнд хүрсэн байна. Мөн нян судлалын лаборатори, ариутгалын тасагт засвар хийж, орчин үеийн бүтээмж сайтай тоног төхөөрөмжтэй болсноор эмнэлгийн ажилтнууд, өвчтөн үйлчлүүлэгчдийн халдвар авах эрсдэл буурч, ариутгалын чанар, хяналт сайжирсан зэрэг эерэг үр дүн авчирчээ.

 

Өөр нэг хэрэгжсэн ажил нь эмнэлгийн аюултай хог хаягдал түр хадгалах байр барьж, хог хаягдлыг энгийн аюулгүй болгон хаях боломжтой болжээ.

 

Түүнчлэн эмнэлгийн ажилтнуудын ур чадвар, мэдлэг боловсролын тал дээр шат дараалалтай арга хэмжээ авч ажилласнаар ажилчдын ажиллах нөхцөл дээшилж, орчин ахуй сайжирсан байна.

  

Related news