У.Ануужин Дэлхийн цомд үзүүлсэн амжилтаа ДАШТ-д ахиуллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бахрейны Манама хотод үргэлжилж байна.
Тус тэмцээнд манай улсаас гурван тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Ануужин өргөлтөө хийлээ. Тэрбээр “С” групп өрсөлдөхдөө огцомоор 98, түлхэлттэй өргөлтөөр 117, нийлбэр дүнгээр 215 кг-ыг өргөснөөр 27 тамирчнаас 17 дугаар байрт жагсав. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Францын Парис хотод болсон Дэлхийн цомын тэмцээнд огцомоор 95, түлхэлттэйгээр 115, нийлбэрээр 210 кг-ыг өргөж байсан юм. Түүнчлэн хоёр жилийн өмнө ААШТ-ээс хүрэл медаль хүртэхдээ огцомоор 99, түлхэлттэйгээр 116 кг-ыг өргөж байлаа.
Түүний жинд АНУ-ын тамирчин Рийвис Оливиа Лянн огцомоор 120, түлхэлттэйгээр 147, нийлбэрээр 267 кг-ыг өргөж, алтан медаль хүртэн дэлхийн аварга болсон бол БНАСАУ-ын Жон Чун Хуй 262 кг-аар мөнгө, Хятадын Ян Чиүшиа 261 кг-аар хүрэл медалийн тавцанд зогсжээ.
Өнөөдөр тус
тэмцээний эрэгтэйчүүдийн 96, эмэгтэйчүүдийн 76 кг-ын жингийн медальтнууд тодорно.
Манай улсаас эмэгтэйчүүдийн 76 кг-д олон улсын хэмжээний мастер О.Төгс-Эрдэнэ “В”
группт Улаанбаатарын цагаар 18:30 цагт өргөлтөө хийх юм.