Францын Ерөнхий сайдаар Франсуа Байруг томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-12-14 10:45:24

ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 14 /France24/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон баасан гарагт төвч үзэлтэй улстөрч Франсуа Байруг тус улсын шинэ Ерөнхий сайдаар томиллоо.


Өнгөрсөн долоо хоногт Үндэсний Ассемблейн гишүүд дийлэнх олонхын саналаар Засгийн газарт итгэл үзүүлэхгүй байх шийдвэр гаргасны дараа Ерөнхий сайд Мишель Барньегийн тэргүүлсэн Засгийн газар огцорсон юм.


Э.Макрон санал хуваагдсан байдлыг эцэслэж, ирэх оны төсвийг баталж чадах нэр дэвшигчийн талаар хоёр өдрийн турш намын удирдлагуудтай уулзаж хэлэлцсэний дараа Ф.Байруг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээ. Элизейн ордонд болсон уулзалтуудад хэт барууны үзэл баримтлалтай “Үндэсний сэргэлт” нам болон зүүний үзэл баримтлалтай “Нугаршгүй Франц” намын төлөөлөгчдийг оролцуулаагүй байна.


Өдгөө 73 настай Ф.Байру бол Францын улс төрд олон арван жилийн турш зүтгэсэн хүн юм. “Ардчилсан хөдөлгөөн” намыг үүсгэн байгуулагч, дарга тэрбээр 1993-1997 онд консерватив Засгийн газарт Боловсролын сайдаар ажиллаж байснаас гадна ерөнхийлөгчийн сонгуульд гурван удаа нэр дэвшиж байсан гэдгээр нь францчууд мэднэ.


2024 оны эцэс гэхэд 4.4 хувьд хүрч өснө гэж урьдчилан таамаглаж байсан боловч 6.6 хувьд хүрээд буй төсвийн алдагдлыг бууруулах асуудлаар Ф.Байру зөвшилцөлд хүрэх ёстой. 


Related news