Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг үнэлэх түүвэр судалгаа хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны захиалгаар иргэдийн санхүүгийн эрүүл мэндийг хэмжих, үйлчилгээний хүртээмжийг үнэлэх түүвэр судалгааг "Эн Ар Си Си", “Эм Эм Си Жи” ХХК хийлээ.
Түүвэр
судалгааг иргэдийн санхүүгийн
чадамж, үйлчилгээ, санхүүгийн
богино хугацааны хүндрэлийг даван туулах, бие даасан шийдвэр гаргах чадварыг үнэлэх, тэр дундаа хөрөнгийн зах
зээл, даатгал, бичил санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг судлахаар анх удаа хийжээ.
Судалгааны дүнд иргэдийн санхүүгийн эрүүл мэндийн дундаж индекс 54 гарсан байна. Үүнээс санхүүгийн эрүүл мэндийн индексийн нэг бүрдэл болох нөөцийн хүртээмжийн индекс 39, санхүүгийн төлөв байдлын индекс 45, санхүүгийн мэдлэгийн индекс 53, иргэдийн санхүүгээ удирдах, төлөвлөх чадварыг илэрхийлэх санхүүгийн зан төлөвийн индекс 59 гарчээ.
Энэ нь иргэд богино хугацааны санхүүгийн дарамтад
өртөх эрсдэлтэй төдийгүй тэдний орлого, эх үүсвэрийн найдвартай байдал харьцангуй бага түвшинд байгааг
илтгэж байна. Өөрөөр хэлбэл иргэд санхүүгийн суурь ойлголтын талаар тодорхой мэдлэгтэй
ч зарим шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа
аж.
Түүнчлэн судалгаанд хамрагдсан иргэдийн 4.4 хувь нь брокер, дилерийн компаниудын үйлчилгээг авдаг бол ББСБ-ын үйлчилгээний хүртээмж 36, сайн дурын даатгал 24.4, мөнгөн зээлийн үйлчилгээ 20, хадгаламж зээлийн хоршооны хүртээмж 3.6 хувь гарсныг СЗХ мэдээлжээ.