СЭЛЭНГЭ: Иргэдэд учирч болох 49.6 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-12-25 19:21:59

Сүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд өнөөдөр боллоо.

 

Тус зөвлөл нь Монгол Улсын Хилийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 149 дүгээр зарлигаар батлагдсан журмаар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, хил орчмын дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалтад шаардлагатай туслалцаа дэмжлэг үзүүлэх, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэй юм.


2024 онд тус зөвлөлөөс Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас хил орчмын иргэдэд хууль тогтоомж сурталчлах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хилчид иргэдийн холбоог бэхжүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

 

Мөн Хилийн цэргийн 0243, 0101 дүгээр анги, Прокурор, Цагдаа, Тагнуул, Онцгой байдал, Байгаль орчны газартай хамтран хилийн бүс, зурваст удаа дараагийн шалгалтуудыг явуулжээ.

 

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор аймгийн төвд 6 айлын орон сууц шинээр барьж ашиглалтад оруулахын зэрэгцээ БОАЖЯ-ны санхүүжилтээр хилийн цэргийн Хар горхи, Номт, Хутаг-Өндөрийн хариуцсан хэсэгт 94.7 км урт мөр хянах шороон зурвасыг сэргээсэн байна.

 

Улсын хил хамгаалалтын үр дүнг дээшлүүлэх зорилгоор аймгийн ГХУСАЗЗ-өөс хоёр дрон, нэг мотоциклийг хилийн цэргийн салбаруудад хүлээлгэн өгсөн байна.

 

Улсын хил хамгаалалтын үр дүнгээр хилийн хариуцсан хэсгээр 2024 оны байдлаар 9 удаа 17 хүн хил орчмын дэглэмийн зөрчил гаргасныг илрүүлж, холбогдох хуулийн дагуу шалган шийдвэрлэжээ.

 

Мөн бэлчээрээр улсын хилд тулсан 7 удаагийн 62 тооны малыг илрүүлж, иргэдэд учирч болох 49.6 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

 

Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчилд холбогдсон 31 иргэнийг 3.1 сая төгрөгөөр торгож, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн байна.

 

Гарсан зөрчлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн зөрчил 80 хувь буурсан, хил орчмын дэглэмийн зөрчил 57.1 хувиар өссөн байна.

 

Хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийн илрүүлэлт 94, шийдвэрлэлт 100 хувьтай байна.

 

Related news